Монгол, Зөвлөлтийн дайчдад зориулсан дурсгалын хөшөөнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүндэтгэл үзүүллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Монгол, Зөвлөлтийн дайчдад зориулсан дурсгалын хөшөөнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны 9-р сарын 2-ны өдөр БНХАУ-ын Хөбэй мужийн Жанбэй хошууны Жанчхүүгийн даваанд байрлах Монгол-Зөвлөлтийн дайчдад зориулсан дурсгалын цогцолборт зочилж, амь үрэгдсэн дайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.

Тэрээр мөн тус цогцолборт байрлах дурсгалын музейг үзэж, 1945 оны Чөлөөлөх дайнд ялалт байгуулсны дараа Маршал Х.Чойбалсангийн Жанбэй хошуу болон Цагаан хэрэмд ирсэн түүхэн баримтууд, Монгол-Зөвлөлтийн цэргүүдийн гэрэл зургуудтай танилцсан байна.

1945 оны 8-р сарын 14-нд Монгол-Зөвлөлтийн хамтарсан цэрэг Жанбэй хошуунд орж, Хятадыг чөлөөлөх дайнд баатарлагаар тулалдсан. Цэргийг хурандаа генерал И.А.Плиев удирдаж, бүрэлдэхүүнд нь Зөвлөлтийн 27-р моторжуулсан явган бригад, 13-р мото хороо, 7-р хуягт бригад, 3-р артиллерийн хороо болон Монголын зарим морьт ангиуд багтсан байна.

Жанчхүүгийн давааны тулалдаанд Монгол Ардын Хувьсгалт цэргийн 56, Зөвлөлтийн Улаан армийн 67 цэрэг амь үрэгдэж, Хятадын ард түмнийг чөлөөлөх үйл хэрэгт үнэлж баршгүй гавьяа байгуулжээ.

Амь үрэгдсэн дайчдыг Жанбэй хошууны Ехулин ууланд оршуулсан бөгөөд хожим нь Монгол-Зөвлөлтийн дайчдад зориулсан дурсгалын цогцолбор байгуулсан байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй