Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ) анх удаа амьд донороос хүүхдэд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, 13 настай хүүд ээж нь донороор оролцсон бөгөөд энэ мэс засал нь тус төвд хийгдсэн анхны тохиолдол боллоо.
Монгол Улсад хүүхдэд бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг анх 2006 онд Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ) эхлүүлж байсан ба өмнө нь бүх мэс засал УНТЭ-д хийгдэж иржээ. Харин энэ удаа хоёр эмнэлгийн хамтын ажиллагааны үр дүнд ЭХЭМҮТ-д амжилттай хэрэгжүүлсэн нь хүүхдийн эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний практикт шинэ алхам болж байна.
Ийнхүү тус мэс засал нь Монгол Улсад хийсэн 410 дахь, хүүхдэд хийгдсэн 15 дахь бөөр шилжүүлэн суулгах тохиолдол бөгөөд ЭХЭМҮТ-ийн хувьд түүхэндээ анх удаа хүүхдэд амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгасан тохиолдол боллоо.