Монголыг төлөөлж байсан якут модель энэ жил Сербийг төлөөлнө

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Елена Егорова

Оросын иргэншилтэй загвар өмсөгчид, тамирчид сүүлийн жилүүдэд Украины дайны улмаас олон улсын тэмцээнд оролцох эрхгүй болж, иргэншлээ сольж, өөр улс орны нэрийн өмнөөс өрсөлдөх болсон. Үүний нэг жишээ нь якут гаралтай модель, “Снежная краса” цомын эзэн Елена Егорова юм.

Тэрбээр 2022 онд “Miss Grand International” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцож байсан бөгөөд тухайн үед тэрээр “Би ‘Miss Grand International’ уралдаанд Монголыг төлөөлөн оролцох боллоо. Энэ тэмцээнд оролцохыг дөрвөн жилийн өмнөөс мөрөөдөж байсан юм. Ийм боломж олгосонд баярлалаа” хэмээн олон нийтийн сүлжээндээ бичиж байжээ. Тэмцээний танилцуулгад тэрээр “Би Оросын хойд хэсэгт, жилийн есөн сар нь өвөл үргэлжилдэг газар амьдардаг. Манай аав, ээж 40 жилийн өмнө Монголоос Орост ирсэн. Тиймээс би Монгол Улсыг төлөөлж байна” гэж ярьж байсан байна.

Монголыг төлөөлж байсан Елена Егорова Сербийг төлөөлнө

Харин энэ жил Елена Егорова “Miss Universe 2025” дэлхийн гоо бүсгүйн тэмцээнд Сербийн нэрийн өмнөөс оролцох болжээ. Одоогоор тэр 28 настай бөгөөд Дубай хотод амьдарч байгаа юм.

Гэсэн ч түүний энэхүү шийдвэр Сербид багагүй шүүмжлэл дагуулж, олон нийтийн дунд маргаан үүсгээд байна. Зарим иргэд “Яагаад энэ ази эмэгтэй манай улсыг төлөөлж байна вэ? Балканы гоо үзэсгэлэн хаачив?” хэмээн бухимдаж, нийгмийн сүлжээнд санал бодлоо илэрхийлжээ.

“Miss Universe 2025” тэмцээн Тайланд улсад ирэх 11 дүгээр сарын 21-нд болно.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй