Лондон хотноо энэ оны эхээр эхэлсэн өсвөр үеийн дартсын «Advanced Tour-2025» дэлхийн лигийн цуврал тэмцээн өчигдөр дүнгээ гаргалаа. 16 нас хүрээгүй шилдэг тоглогчдын оролцдог энэ тэмцээнд Монгол Улсын төлөөлөл, 14 настай Х.Тэргэл цувралын нийлбэр дүнгээр тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг тэргүүллээ.
Х.Тэргэл нь дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тамирчин болсноор түүхэн амжилтын эзэн болов. Энэ цуврал тэмцээнд есөн орны дэлхийн шилдэг 32 тамирчин оролцсон бөгөөд Монголын авьяаслаг тамирчин ийнхүү амжилтаараа олон улсын тавцанд шинэ хуудас нээлээ.
Х.Тэргэлийн хувьд өмнө нь ч өндөр амжилт үзүүлж байсан. Тэрээр:
- 2022, 2023 оны өсвөр үеийн багийн ДАШТ-ээс хүрэл медаль,
- 2024 оны өсвөр үеийн ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль хүртсэн,
- Монгол Улсын дөрвөн удаагийн аварга цолтой.
Авьяаслаг залуу тамирчны амжилт нь зөвхөн түүний хөдөлмөр бус, мөн спортын удамтай холбоотой. Түүний ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын ОУХМ, Монгол Улсын аварга цолтой бол, нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь мөн адил ОУХМ, улсын аварга тамирчид юм.
