Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлснээр, энэ оны эхний хагас жилд “Бүлэг-2025” нэртэй хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд хар тамхи тээвэрлэдэг, хадгалдаг, худалдан борлуулдаг зургаан бүлэглэлд хамаарах нийт 73 этгээдийг илрүүлжээ.
Тус арга хэмжээ нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг:
- Хууль бусаар хил нэвтрүүлж буй урсгалыг таслан зогсоох,
- Дотоодын хэрэглээг хязгаарлан хумих,
- Сэжиг бүхий бүлэглэл, нуугдмал хэрэглэгч этгээдүүдийг олж тогтоох
зорилгоор хэрэгжсэн байна.
Үүний үр дүнд дээрх этгээдүүдэд холбогдох 46 гэмт хэргийг илрүүлэн шалгаж, эд мөрийн баримтаар 12,315 хүн/тун хэмжээний мансууруулах бодисыг хураан авчээ.
Цагдаагийн байгууллагаас хар тамхины хэрэглээ, худалдааны эсрэг эрчимтэй арга хэмжээ авч байгаагийн нэг жишээ болсон энэхүү ажиллагаа нь гэмт бүлэглэлүүдийг илрүүлж, хор уршгийг бууруулахад чухал нөлөө үзүүлсэн гэж үзэж байна.