Монголын өсвөрийн хөлбөмбөгийн шилдэг 11 тамирчин өнгөрсөн долоо хоногт Английн Лондон хотноо очиж, “Фулхэм” клубийн мэргэжлийн сургалтад хамрагдаад ирлээ. Хүүхдүүд 2025 оны дөрөвдүгээр сарын 2-7-ны өдрүүдэд тус клубийн бэлтгэлийн бааз дээр дадлага хийж, туршлага хуримтлуулсан бөгөөд дөрөвдүгээр сарын 6-нд болсон “Фулхэм” болон “Ливерпүүл” багуудын тоглолтыг урилгаар үзэх завшаан тохиожээ.
Энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсаас санаачилсан “Go Mongolia” үндэсний брэндийн хүрээнд хэрэгжиж буй бөгөөд тус хөтөлбөрийн гол зорилго нь Монголын хөлбөмбөг сонирхогч хүүхэд, залууст урам зориг өгөх, тэдний ур чадварыг олон улсын түвшинд хөгжүүлэхэд чиглэж байна.
“Фулхэм” клубтэй хамтран ажиллах гэрээний дагуу өнгөрсөн оны аравдугаар сарын 7-10-ны өдрүүдэд тус клубийн мэргэжилтнүүд Монголд хүрэлцэн ирж, 30 гаруй хөлбөмбөгийн клубийн 160 хүүхдэд сургалт зохион байгуулсан. Тус шалгаруулалтаас хамгийн шилдэг 11 хүүхдийг сонгон авснаар дээрх сургалтад хамруулсан юм.
Мөн “Фулхэм” клубийн албан ёсны тамирчдын өмсгөл дээр Монгол Улсыг сурталчилсан “Go Mongolia” логог байршуулсан нь олон улсын спортын тавцанд Монголын нэр хүндийг нэмэгдүүлж буй нэг чухал алхам болж байна.