Монголын нүүрсний экспорт ойрын хугацаанд өсөлтөө хадгалах төлөвтэй

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Монголын нүүрсний экспорт ойрын хугацаанд өсөлтөө хадгалах төлөвтэй

Монгол Улсаас БНХАУ руу экспортолж буй нүүрсний хэмжээ тогтвортой өсөж, зах зээлийн эерэг чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.

Экспортын хэмжээ дээд түвшинд хүрэв

Оны эхний есөн сарын байдлаар Монгол Улсаас Хятад руу экспортолсон нүүрсний хэмжээ 62 сая тонн хүрсэн бөгөөд зөвхөн есдүгээр сард 9.3 сая тонн нүүрс нийлүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 33 хувиар өссөн дүн юм. Энэ нь 2015 онд гаалийн нээлттэй статистик гарч эхэлснээс хойших нэг сарын хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Хятадын дотоод нөхцөл Монголын нүүрсэнд боломж нээв

БНХАУ-ын Засгийн газар үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадлыг бууруулах бодлого хэрэгжүүлж буй нь дотоодын олборлолтод нөлөөлж, эрчим хүчний нүүрсний үнэ сүүлийн 8 сарын дээд түвшинд хүрч өсөөд байна. Үүнтэй зэрэгцэн коксжих нүүрсний фьючерс үнэ долдугаар сараас хойш 30 гаруй хувиар өссөн гэж “Reuters” мэдээлэв.

Ийнхүү үнэ өссөн нөхцөлд үнэ хямд, тээврийн зардал бага Монголын нүүрсний эрэлт нэмэгдэж байгаа талаар “Wood Mackenzie”-ийн шинжээч онцолжээ.

Монголын нүүрсний үнэ өссөөр байна

“Sxcoal”-ийн мэдээллээр, аравдугаар сарын 17-ны байдлаар Монголын 5-р зэрэглэлийн коксжих нүүрсний үнэ Ганцмод боомтод тонн нь 1070 юаньд хүрсэн байна. Энэ нь БНХАУ-ын Үндэсний баярын өмнөх үетэй харьцуулахад 44 юаниар өссөн үзүүлэлт юм.

Мөн аравдугаар сарын 19-ний байдлаар Ганцмод боомтын агуулахуудад 2.24 сая тонн нүүрс хуримтлагдаж, өмнөх долоо хоногоос 7.4 хувиар нэмэгджээ. Энэ нь тээврийн урсгал нэмэгдэж байгааг харуулж байна.

Ирээдүйн төлөв

Нүүрсний фьючерс ханшийн өсөлт, Хятадын дотоодын зах зээлийн идэвхжил сайжирч байгаа нь Монголын нүүрсний экспортыг богино хугацаанд тогтвортой өндөр түвшинд хадгалах гол хүчин зүйл болж байна гэж “Sxcoal”-ийн шинжээчид дүгнэжээ.

Өрсөлдөгч орнуудын нөхцөл байдал

  • Индонез — Сарын экспорт сэргэж, есөн сарын дээд түвшинд хүрсэн ч он гарснаас хойш нийт дүнгээр өнгөрсөн оныхоос 13 хувиар доогуур байна.
  • Австрали — 2025 оны есдүгээр сард БНХАУ руу 6.2 сая тонн нүүрс экспортолж, оны эхнээс нийт 55.1 сая тонн нийлүүлсэн нь 10 хувийн өсөлт үзүүлжээ.

Ийнхүү Монгол Улс Хятадын нүүрсний зах зээлд тогтвортой, найдвартай нийлүүлэгчийн байр сууриа хадгалж, эрэлт өсөхийн хэрээр эдийн засгийн чухал түлхүүр салбартаа дахин идэвхжиж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй