Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоол Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы бүрэн хуралдаанаар 2025 оны зургаадугаар сарын 3-ны өдөр дэмжигдэн батлагдлаа. Энэхүү түүхэн шийдвэр нь морьтон өв соёлоороо бахархдаг Монгол Улсын олон улсын тавцанд гаргасан чухал дипломат амжилт болж байна.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээллээр өнөөдрийн байдлаар дэлхий дээр 57 сая гаруй адуу бүртгэгдээд байгаа нь адуу хүн төрөлхтний амьдралд зөвхөн уналга, ачлага төдийгүй эдийн засаг, соёл, нийгмийн олон чиглэлд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг гэрчилж байна. Адууг спорт, аялал жуулчлал, амралт, эрүүл мэнд, хүнсний үйлдвэрлэлийн хүрээнд өргөнөөр ашигладаг хэдий ч орчин цагийн амьдралын хэв маягийн өөрчлөлт, технологийн хурдац, эдийн засгийн бүтэц, уур амьсгалын нөлөө зэрэг хүчин зүйлсийн улмаас адууны тоо толгой, аж ахуйн хэрэглээ, үүлдэр угсаа дэлхий даяар багасах хандлагатай болоод буй.
Энэ нөхцөл байдлыг анхааран, эртнээс адууны соёл, ахуйгаа хадгалж ирсэн Монгол Улс дэлхийн хэмжээнд адууны үнэ цэнэ, ач холбогдлыг сэргээж, олон нийтийн анхаарлыг хандуулах үүднээс “Дэлхийн адууны өдөр” тогтоолыг санаачилсан юм. Энэхүү өдрийг жил бүрийн долдугаар сарын 11-нд тэмдэглэж байхыг уриалсан бөгөөд энэ нь Монголын наадмын өдөртэй давхцаж байгаагаараа утга агуулга төгс давхцаж байна.
Тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индэр дээр Монгол Улсаас тус байгууллагад суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр танилцуулж, адуу хүн төрөлхтний соёл, түүх, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилд гүйцэтгэж буй үүргийн талаар онцолжээ. Түүний хэлснээр энэхүү өдөр нь зөвхөн адууг алдаршуулах үйл явдал бус, адууны өв соёлыг хадгалах, нүүдлийн аж ахуй, бэлчээрийн тогтвортой байдалд анхаарал хандуулах олон улсын индэр болох юм.
Монгол Улсын санаачилгад дэлхийн 56 улс нэгдэж, хамтран зохиогчоор оролцсон нь энэхүү тогтоолын олон улсын ач холбогдлыг улам бүр баталгаажуулж байна. Тус тогтоолд Австри, Бразил, Хятад, Япон, Солонгос, Герман, Турк, Казахстан, Узбекистан, Венесуэл, Португал, Тайланд зэрэг улс нэгдсэн нь Монгол Улсын дипломат нэр хүнд, өв соёлын үнэ цэнийг дэлхий дахинд хүлээн зөвшөөрч буйн тод илрэл болов.
Дэлхий даяар адууны өдөр анх удаа 2025 оны долдугаар сарын 11-нд тэмдэглэгдэн өнгөрөх бөгөөд энэ өдрөөс эхлэн дэлхийн улс орнууд адууны соёл, ашиг тус, хамгаалалд чиглэсэн олон нийтийн боловсрол, бодлогын үйл ажиллагааг өргөн хүрээнд хөгжүүлэх боломж нээгдэж байна.