Home НийгэмМонголын шинэ үеийн залуус Америкийн Z-үүдээс тэс өөр хандлагатай болохыг судалгаа баталлаа

Монголын шинэ үеийн залуус Америкийн Z-үүдээс тэс өөр хандлагатай болохыг судалгаа баталлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Судалгаа

Монголын санхүүгийн зах зээлийн холбоо болон судалгаа, зөвлөх үйлчилгээний SICA компани хамтран Монголын хүн амын үеүдийн онцлогийг анх удаа шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалсан байна. Энэхүү судалгаагаар гарсан хамгийн анхаарал татсан дүгнэлт бол Монголын шинэ үеийн залуусын хандлага, үнэт зүйлс нь Америкийн Z үеийн залуусаас эрс ялгаатай байгааг тодорхойлсон явдал юм.

Судалгааны багийн удирдагч Ө.Ганзориг “Манай улсад хэрэглэгдэж буй Z, Baby boomer зэрэг үеүдийн ангилал нь АНУ-ын нийгмийн бүтэц, түүх, улс төрийн нөхцөл байдалд үндэслэсэн ойлголт тул Монголд тэр чигээр нь хэрэглэх нь ташаа ойлголт” хэмээн онцолжээ. Монголын түүхэн нөхцөл байдал, нийгмийн шилжилт нь барууны орнуудтай харьцуулахад өөр тул тухайн үеийн хүмүүст тулгарсан нийгмийн туршлага, хандлага ч ялгаатай байж таарна.

Судалгаанд хамрагдсан бүх үе “Биеэ үнэлэх нь хувь хүний эрх чөлөөнд хамаарахгүй” гэж хариулсан нь барууны либерал үзэлтэй залуу үеийнхнээс тэс өөр хандлага илэрч буйг харуулсан байна. Ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх, марихуаны хэрэглээ, биеэ үнэлэх явдлыг дэмжих тухай барууны нийгмийн түгээмэл хандлагууд Монголын залуусын дунд түгээмэл бус байгааг 90 гаруй хувийн эсэргүүцлийн хариу нотолсон юм.

Монголд төрсөн жилээр нь үндэслэн дараах дөрвөн үеийг тодорхойлжээ: 1964 он хүртэлх төрсөн хүмүүсийг социалист үеийнхэн, 1965-1982 оны хооронд төрөгсдийг завсрын үе, 1983-1994 оны төрсөн хүмүүсийг шилжилтийн үе, харин 1995 оноос хойших хүмүүсийг шинэ үеийнхэн гэж ангилсан байна. Энэ ангилал нь Карл Маннхаймын үеүдийн загварыг баримталсан бөгөөд тухайн үеийн хүмүүсийн туулсан нийгмийн туршлагыг гол шалгуур болгожээ.

Ө.Ганзориг болон Ж.Эрдэнэбилэг нарын үзэж буйгаар шинэ үеийнхэн ёс суртахуун, улс төр, эдийн засгийн үнэлгээ зэрэг олон талаараа социалист болон шилжилтийн үеийнхнээс ялгаатай боловч зарим талаараа төстэй үзэл баримтлалтай байгаа нь сонирхол татаж байна. Тухайлбал, 1990 оноос хойш шударга ёс сайжирсан уу гэхэд шинэ болон завсрын үеийнхэн «сайжирсан» гэж хариулсан бол социалист үеийнхэн “муудсан” хэмээн дүгнэжээ. Харин эдийн засгийн хувьд шинэ үеийнхэн бодит хэрэглээ, хөгжлийн түвшингээр дүгнэж “сайжирсан” гэж үздэг бол ахмад үе шударга бусын нүдээр харж “муудсан” гэж хариулсан байна.

“Төр олон нийтийн эрх ашгийн төлөө хувийн өмчийг хурааж болох уу?” гэсэн асуултад шинэ үеийн 70 гаруй хувь нь “болохгүй” гэж хариулсан нь тэд хувийн өмчийн халдашгүй байдал, зах зээлийн зарчмыг эрхэмлэдэг хандлагатайг харуулж байна. Гэтэл социалист болон завсрын үеийнхний дунд “төрийн өмчлөл” зөв гэсэн хандлага зарим хувьд илэрсэн нь тэдний өнгөрсөн туршлагаас улбаатай байж болох юм.

Мөн шинэ үеийнхэн улс төрд хамгийн бага итгэлтэй байгааг судалгаа харуулжээ. Тэдний 70 хувь нь өнөөгийн улс төрийн системд итгэхгүй байгаагаа илэрхийлсэн бол 78 хувь нь аль нэг намыг дэмждэггүй гэж хариулжээ. Энэ нь итгэл алдалт гүнзгий байгаагийн илрэл бөгөөд улстөрчдийн үнэнч бус байдал, бодлогын залгамж халаа үгүйлэгдэж буйтай холбоотой гэж судлаачид үзэж байна.

Шашны талаарх хандлагад бүх үеийн хүмүүсийн дунд онц ялгаа ажиглагдаагүй бөгөөд 40 орчим хувь нь ямар нэг шашин шүтдэг гэж хариулсан бол шашны зан үйлийг тогтмол хийдэг хүмүүсийн тоо цөөн байжээ. Жилдээ 11-ээс дээш зан үйл хийдэг хүмүүс ердөө 4-хөн хувь байсан бол христийн шашныг шүтэгчид тоогоор бага боловч идэвхтэй байдлаараа бусдаас ялгарч байжээ.

Судалгааны явцад сонирхолтой нэг дүгнэлт гарсан нь шинэ үеийнхний улс төрийн үзэл бодол нь тэдний өвөө, эмээгийнхтэй төстэй байгаа явдал байв. Залуусын либерал хандлага өндөр байх болов уу гэсэн таамаглалыг судалгаа үгүйсгэж, тэд илүү социалист төрлийн нийгмийг илүүд үзэх хандлагатай байгааг харуулжээ. “Капиталист, социалист, аль нь илүү вэ?” гэхэд бүх үе дамнан 70 гаруй хувь нь социализмыг илүүд үзэж байна гэж хариулсан нь капитализмын мөн чанарыг төдийлөн ойлгоогүй байж болзошгүй гэсэн дүгнэлтэд хүргэжээ.

Ирээдүйн тухай асуултад шинэ үеийнхэн хамгийн бага итгэлтэй хариулт өгсөн нь бас нэгэн анхаарал татсан үзүүлэлт болж байна. “2050 он гэхэд Монгол сайхан амьдрах уу?” гэсэн асуултад тэдний 60 хувь нь “итгэлгүй байна” гэж хариулсан бол социалист үеийн 40 хувь нь л ингэж хариулсан байв.

Эцэст нь, судалгааг удирдсан Ж.Эрдэнэбилэг “Z, миллениал үе бол манай нийгмийн аврал биш. Залуу үе нь өмнөх үеэсээ төдийлөн онцгой ялгарахгүй байна. Тиймээс тэднээс шууд шинэчлэл хүлээх нь буруу. Харин дараа үеийг чиглүүлэх, хандлагыг нь аажмаар өөрчлөх нь илүү бодитой гарц юм” хэмээн онцолсон нь судалгааны чухал дүгнэлт болж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.