Олон улсын олимпиадад амжилт гаргасан нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн 20 сурагч болон нэг багшид нийслэлээс урамшуулал олголоо. Энэ жил математик, физик, биологи, хими, мэдээлэлзүй, газарзүйн чиглэлээр зохион байгуулагдсан олон улсын олимпиадад Монгол Улсыг төлөөлөн оролцсон эдгээр сурагчид бүгд шагналт байранд шалгарч, алтан медалиас тусгай байр хүртэл амжилт үзүүлсэн байна.
НЗДТГ-ын мэдээлснээр, олон улсын олимпиадад шавь нараа амжилттай бэлтгэн, алтан медальт сурагч төрүүлсэн 11 дүгээр сургуулийн багш Ж.Ёндонсамбуу түрээслээд өмчлөх хэлбэрийн, 150 сая төгрөгийн үнэтэй орон сууцны эрхийн бичгээр шагнагджээ. Алтан медаль хүртсэн сурагч бүр 3 сая төгрөг, мөнгөн медаль хүртсэн нь 2 сая төгрөг, хүрэл медаль хүртсэн нь 1 сая төгрөг, тусгай байр эзэлсэн нь 500 мянган төгрөгийн эрхийн бичиг авсан байна.
2026 оноос эхлэн олон улсын олимпиадад оролцохоор шалгарсан сурагчдын тухайн улс руу нисэх хоёр талын онгоцны тасалбарыг нийслэлээс бүрэн даахаар болсон бөгөөд сурагчдын бэлтгэлийг тогтмол дэмжих үүднээс “Ирээдүй” цогцолбор сургуулийг хоёр салгаж, нэгийг нь математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль болгон шинэчлэх ажлыг эхлүүлжээ.
Олон улсын олимпиад нь шинжлэх ухаан, математик, технологи, хэл шинжлэл зэрэг чиглэлээр дэлхийн шилдэг сурагчдыг оюуны өрсөлдөөнд сорьдог нэр хүндтэй тэмцээн юм. Жил бүр зохион байгуулагддаг эдгээр уралдаан нь тухайн чиглэлээр хамгийн чадварлаг суралцагчдыг тодруулах зорилготой. Олон улсын математикийн олимпиад анх 1959 онд Румын улсад зохион байгуулагдаж, Монгол Улс 1967 оноос эхэлж оролцсон түүхтэй.
2024 онд Монголын сурагчид олон улсын зургаан чиглэлийн олимпиадаас дараах амжилтыг гаргасан байна. Математикийн олимпиадад 110 орны 610 сурагч оролцсоноос Монголын баг 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ. Физикийн олимпиадад 87 орны 415 оролцогч дундаас манай улс 2 мөнгө, 3 хүрэл медаль авсан бол биологийн олимпиадад 77 орны 298 сурагч өрсөлдсөнөөс Монголын төлөөлөл 1 хүрэл медаль, 1 тусгай байр эзэлсэн байна. Химийн олимпиадад 90 орны 354 сурагч өрсөлдөж, манай улсын баг 4 мөнгөн медаль хүртсэн бол мэдээлэлзүйн олимпиадад 87 орны 330 оролцогчоос Монголын нэг сурагч мөнгөн медаль авсан байна. Газарзүйн олимпиадад 23 орны 107 оролцогч дундаас Монголын хоёр сурагч тус бүр хүрэл медаль хүртжээ.