Монгол Улсын Үндэсний шигшээ баг 2025 оны эхний зургаан сарын байдлаар олон улсын хэмжээний тэмцээн уралдаанд амжилттай оролцож, нийт 90 медалийг эх орондоо авчирсан байна. Одоогийн байдлаар 27 спортын төрлөөр 254 тамирчин, 60 дасгалжуулагчийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа ханган, тэмцээнд амжилттай оролцсоор байна.
Хагас жилийн үзүүлэлтээр манай тамирчид:
- 19 алт
- 29 мөнгө
- 42 хүрэл медаль хүртсэн бөгөөд
энэ нь Үндэсний шигшээ багийн тогтвортой амжилт, гадаадын тэмцээнүүд дэх өрсөлдөх чадвар өсөж буйг харуулж байна.
Тухайлбал, Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнээс нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль авсан бол Ази тивийн аваргын тэмцээнээс зургаан мөнгө, 10 хүрэл медаль хүртжээ. Харин Залуучуудын Азийн аваргад гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байна.
Их Дуулгын тэмцээнээс Монголын багийн тамирчид гурван алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль, Гран При тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл, Дэлхийн цомоос хоёр алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн. Түүнчлэн эрх олгох болон бусад олон улсын тэмцээнүүдээс нийт 12 алт, 13 мөнгө, 17 хүрэл медалийн амжилтыг үзүүлээд байна.
Шигшээ багийн 2025 оны эхний амжилтыг БНСУ-ын Канвон хотод зохион байгуулагдсан цанын тэмцээнээр Б.Ачбадрах эхлүүлж, 15 км болон 10 км-ийн төрөлд хоёр алтан медаль хүртсэн бол хамгийн сүүлд Унгарын Будапешт хотод болсон жүдо бөхийн ДАШТ-д эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Ганхайч хүрэл медаль авч, амжилтын цувааг үргэлжлүүлжээ.
Эдгээр амжилтууд нь Монголын спортын салбар тогтвортой хөгжиж буйг бататгахын сацуу олон улсын тавцанд өрсөлдөх чадвар нэмэгдэж байгааг харуулж байна.