Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тажикистаны нийслэл Душанбе хотноо жүдогийн Их Дуулга тэмцээн боллоо. Энэхүү олон улсын тэмцээнд 27 орны 226 тамирчин (123 эрэгтэй, 103 эмэгтэй) оролцсон бөгөөд Монгол Улсаас 17 шилдэг жүдоч оролцсон юм.
Монголын багийн амжилт нь 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль байв. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Ж.Анударь, 63 кг-ын жинд Б.Ганхайч нар анх удаа Их Дуулга ангиллын тэмцээнээс алтан медаль хүртсэн. Эрэгтэйчүүдийн 73 кг-д Б.Эрхэмбаяр мөнгө, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд, эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд Д.Номинзул нар хүрэл медаль хүртлээ.
Энэ амжилтаар Монголын баг медалийн чанараар дөрөвдүгээр байрт орсон юм.
Тажикистан баг 4 алт, 3 мөнгө, 4 хүрэл медалиар тэргүүлсэн бол Азербайжан 2 алт, 2 мөнгө, Франц 2 алт, 1 мөнгө, 4 хүрэл медалиар удаалсан байна.