«Moon dance» хамтлаг Стандарт бүжгийн төрлөөр дэлхийн аваргын тэмцээнд эх орноо төлөөлөн анх удаа оролцож, хүрэл медаль хүртлээ. Ингэснээр Ази тивээс стандартын төрлөөр ДАШТ-ээс медаль авч буй анхны баг болж түүхэнд бичигдэж байна. Тэд энэхүү амжилтаа “Strings of the Soul” буюу “Сэтгэлийн утас” нэртэй бүжгийн үзүүлбэрээрээ гаргажээ.
Хамтлагийн олон улсын өрсөлдөөн үүгээр дуусахгүй. Энэ сарын 13-нд, бямба гарагт Австри улсад болох Латин бүжгийн Дэлхийн аваргад мөн оролцох юм. «Moon dance» нь Латин бүжгийн төрөлд 11 дэх жилдээ хүч үзэх гэж байгаа бөгөөд сүүлийн гурван жил дараалан медаль хүртэж, тогтвортой өндөр амжилт үзүүлсээр байна.