НҮБ-ын Хүүхдийн Сан, Зайсан Хилл цогцолбор, Монголын Скаутын Холбоо хамтран Дэлхийн хүүхдийн өдрийг тохиолдуулан залуус, өсвөр үеийнхний хайр хүндэтгэлийг хүлээсэн “Морнингстар” хамтлагийн онцгой тоглолтыг өнөөдөр зохион байгуулжээ. Энэ арга хэмжээнд 500 хүүхэд оролцож, дуу хөгжим, баяр хөөрийн уур амьсгалаар дүүрэн өдрийг өнгөрүүлэв.
НҮБ-ын Хүүхдийн Сангийн Элч Ангууч хүүхдүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлэхийн сацуу “Морнингстар” хамтлагийн дуучин Б.Аззаяатай харилцан яриа өрнүүлж, хамтлагийн уран бүтээлийн замналыг хуваалцжээ. Тэрбээр өөрийн авьяас чадвараа хөгжүүлж, мөрөөдлөө биелүүлэхийн төлөө тууштай ажиллахыг хүүхдүүдэд зөвлөсөн байна.

Арваннэгдүгээр сарын 20 нь НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсан өдөр бөгөөд 2017 оноос эхлэн Дэлхийн хүүхдийн өдөр хэмээн тэмдэглэх болсон байна. Энэ өдрийг 190 гаруй улс оронд тэмдэглэж, хүүхдийн дуу хоолойг сонсох, өндөр түвшний арга хэмжээнүүд зохион байгуулах, санал санаачилга гаргах зэргээр өнгөрүүлдэг юм. Монгол Улс ч мөн жил бүр #GoBlue уриан дор энэ өдрийг тэмдэглэж, төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран хүүхдийн эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэдэг уламжлал тогтжээ. Энэ жил “Миний өдөр. Миний эрх” уриан дор тэмдэглэж, тоглолтын үеэр хүүхдүүд Хүүхдийн төв номын сан, Уран зургийн галерей, Байгалийн түүхийн музей, Үндэсний номын сангаас зохион байгуулсан боловсролын хөтөлбөрүүдэд оролцож, өдрийг баялаг өнгөрүүлжээ.
Хүүхдийн өдрийн арга хэмжээний гол байгууллагууд:
- НҮБ-ын Хүүхдийн Сан
- Зайсан Хилл цогцолбор
- Монголын Скаутын Холбоо
- Хүүхдийн төв номын сан
- Уран зургийн галерей
- Байгалийн түүхийн музей
- Үндэсний номын сан