Морьт харвааны Дэлхийн аваргыг «Нүүдэлчин» фестивальтай хамт зохион байгуулна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

Морьт харвааны Дэлхийн аварга шалгаруулах 17 дахь тэмцээн энэ жил Монгол Улсад зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнийг Монголын «Нүүдэлчин» фестиваль-тай хамтран зохион байгуулах шийдвэрийг өнөөдөр мэдээлсэн байна.

Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш энэ талаар “Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу жил бүр наймдугаар сард «Нүүдэлчин» дэлхийн соёлын фестивалийг зохион байгуулдаг. Энэ жил 2025 оны наймдугаар сарын 22-ноос 24-ний өдрүүдэд Налайх дүүрэг дэх Тайж хайрханы бэлд тус фестивалийг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Тус фестивалийн нэг онцлог нь Морьт харвааны Дэлхийн аварга шалгаруулах 17 дахь тэмцээнийг 8-р сарын 22, 23-ны өдрүүдэд Монголд зохион байгуулах юм” хэмээн хэлжээ.

Энэ жилийн тэмцээн нь олон улсын оролцоогоор уламжлалаа хадгалах, шинэ төрлүүдийг нэвтрүүлэх зорилготой. Одоогоор дэлхийн 15 орны 70 гаруй тамирчин бүртгүүлсэн бөгөөд Монгол Улс 30 гаруй орны 170 орчим оролцогчийг хүлээж авах зорилго тавьж байна. Тэмцээн нь Монголын морьт харвааны бөмбөг намнаа төрлийг нэмж оруулснаараа онцлог бөгөөд энэ нь оролцогчдын ур чадварыг сорих шинэ боломжийг бүрдүүлж байна.

Дэлхийн морьт харвааны холбооны тэргүүн Ким Ён Сол: “Морь унаад нум сум харвах нь маш их ур чадвар шаарддаг. Монголын өв уламжлал, түүх соёлыг шингээсэн энэ спорт орчин цагт хөгжиж, дэлхий даяар амжилттай хөгжсөөр байгаа нь үнэхээр сайхан. Дэлхийн морьт харвааны холбооноос энэ удаагийн тэмцээнд анхаарал хандуулан тусалж дэмжихэд бэлэн байна” гэж мэдэгдсэн юм.

Монгол Улс нь морьт харвааны тусгай цаг ууртай орчин, бэлтгэгдсэн морьдтой, мөн энэ төрлийн спортын 11 клубтэй болсон нь дэлхийн тэмцээнд амжилттай оролцох суурь болж байгаа юм.

Тэмцээний бүртгэл ирэх долдугаар сарын 20-нд дуусах бөгөөд өнөөдрийн байдлаар 14 улсын 76 харваач тэмцээнд оролцохоор бүртгүүлсэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment