Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан туйлын мөс хурдацтай хайлж байгаа нь Антарктид дахь эзэн хаан пингвинүүдийн (Emperor Penguin) популяци устаж үгүй болох аюулыг дагуулж байна.
Энэ талаар Британийн Антарктид судлалын албаны судалгаанаас эш татан “Le Monde” сонин мэдээлсэнийг Medee.news уламжлав.
Британийн судлаачид сүүлийн долоон жилийн хугацаанд авсан хиймэл дагуулын зургуудыг шинжлээд, эзэн хаан пингвиний колониудын тоо толгой эрс цөөрснийг тогтоожээ. Нийтлэлд дурдсанаар, 2022 онд тухайн бүс нутагт хиймэл дагуулаас 100 гаруй бүлэг пингвин ажиглагдаж байсан бол 2025 онд ердөө 25 жижиг бүлэг л үлдсэн байна.
Газар зүйн зураглалын мэргэжилтэн Питер Фретвелл “Эдгээр пингвинүүдэд яг юу тохиолдсоныг бид нарийн мэдэхгүй байна. <…> Магадгүй тэдний ихэнх нь ус нэвтэрдэггүй өд сөдөө гүйцэд нөхөж амжилгүй Өмнөд далай руу орж, улмаар амиа алдсан байх магадлалтай” хэмээн тайлбарлажээ.
Түүнчлэн 2022-2024 оны хооронд Антарктидын мөсний хэмжээ түүхэн доод түвшинд хүртэл багассаныг тэмдэглэсэн байна. Сүүлийн жилүүдэд туйлын зун дуусахаас өмнө буюу пингвинүүдийн гуужилт дуусахаас өмнө эргийн мөс хайлж байгаа нь гол асуудал болоод байгаа аж.
Амьдрах орчин нь хумигдаж буй тул пингвинүүд хугацаанаасаа өмнө далайд шумбахаас өөр аргагүй болдог байна. Үүний улмаас тэд биеийн дулаанаа алдаж хөлдөх, эсвэл махчин амьтдаас зугтаж чадалгүй бариулж үхэж байгааг “Le Monde” онцолжээ.
“Хэрэв нөхцөл байдал ийм дээрээ тулсан бол эзэн хаан пингвинүүдийн ирээдүй бидний төсөөлж байснаас ч илүү эгзэгтэй шатанд орсон гэсэн үг” хэмээн Фретвелл анхааруулсан байна.