ОХУ болон Умард Солонгосын нийслэл хотуудын хооронд анхны шууд зорчигч тээврийн нислэг 2025 оны долдугаар сарын 28-нд амжилттай үйлдэгдлээ. Энэ түүхэн нислэг нь Оросын Nordwind Airlines компанийн онгоцоор Москва хотын Шереметьево олон улсын нисэх буудлаас хөөрч, найман цагийн дараа Пёнян хотын нисэх онгоцны буудалд газардсан байна.
Украины дайн эхлэхээс өмнө Европын жуулчны тээвэрт голлон ажилладаг байсан тус компанийн зүгээс энэ удаагийн шууд нислэгийн тасалбарын үнэ 45,000 рубль буюу 570 ам.доллар байжээ. Онгоц нь өнөөдөр буюу Мягмар гарагт Москва руу буцах товтой байгаа аж.
Шинэ чиглэлийн нислэгийг эхний байдлаар сард нэг удаа тогтмол хийхээр төлөвлөж буйгаа Nordwind Airlines мэдэгдсэн ч анхны нислэгээр хэдэн зорчигч тээвэрлэгдсэн талаарх мэдээллийг өгөхөөс татгалзжээ.
ОХУ-ын тээврийн дэд сайд Владимир Потешкин уг үйл явдлыг онцолж:
“Дипломат харилцаа тогтоосон 70 гаруй жилийн түүхэнд бид анх удаа нийслэл хотуудынхаа хооронд шууд нислэгтэй боллоо”
хэмээн мэдэгдсэнийг тус яамны албан ёсны сошиал хуудсаар дамжуулан нийтэлжээ.