“Милан-Кортина 2026” өвлийн олимпын наадам эхлэхэд ердөө ес хоног үлдээд байна. Үүнтэй холбогдуулан ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар олимпын наадмыг сурвалжлах баг бүрэлдэхүүнийг “Олимпик хаус”-т хүлээн авч уулзаж, албан ёсны эрхийн мандатыг нь гардуулан өглөө.
Сурвалжлах багийн бүрэлдэхүүн:
Энэ удаагийн цагаан олимпыг сурвалжлахаар туршлагатай гэрэл зурагчид болон сэтгүүлчид мандатаа гардан авсан юм:
- Д.Нямбилэг: “Токио-2020”, “Бээжин-2022”, “Парис-2024” олимпыг сурвалжилсан туршлагатай гэрэл зурагчин.
- Э.Харцага: “Пёнчан-2018”, “Токио-2020” олимпын наадмын сурвалжлагчаар ажиллаж байсан гэрэл зурагчин.
Шууд дамжуулалт болон тоглолтын хуваарь:
“Милан-Кортина 2026” наадмыг Монголын үзэгчдэд “NTV” телевиз болон бусад зургаан телевиз албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулан хүргэнэ.
Өвлийн олимпын наадмын мөсний хоккей, уулын цана, люж, сноуборд болон кёрлингийн төрлийн урьдчилсан шатны тоглолтууд ирэх хоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхлэх хуваарьтай байна. МҮОХ-ны удирдлагууд хэвлэл мэдээллийн багт амжилт хүсэж, олимпын талбараас Монголын тамирчдынхаа амжилт, ялалтын мэдээг цаг алдалгүй хүргэхийг хүслээ.