Н.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнэ гурван сар надад зүрх дарж уулзахаас зайлсхийсэн

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Н.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнэ гурван сар надад зүрх дарж уулзахаас зайлсхийсэн

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр өнөөдөр мэдээлэл хийж, УИХ-д асуулга хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Тэрээр өнгөрсөн оны сүүлээр баталсан Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын хэлэлцээрийг шүүмжилж, энэ гэрээ Монгол Улсад 10 тэрбум төгрөгийн алдагдал учруулах эрсдэлтэй гэж үзэж байна.

Гэрээний тухай шүүмжлэл

Энхбаярын хэлснээр, Засгийн газар гурван асуудлыг нэгтгэсэн хэлбэрээр (нүүрс олборлолт нэмэгдүүлэх, төмөр зам тавих, нүүрс худалдах) “цогц шийдэл” гэсэн нэрээр УИХ-аар оруулсан нь луйвар булхайг нуух арга болсон. Мөн гэрээнд нийт 250 сая тонн нүүрсний 55 хувийг хамгийн чанартай коксжих нүүрс байхаар заасан нь улсын хувьд ашиггүй нөхцөл гэж тэр тайлбарлав.

Тэрээр гэрээ байгуулах газрыг хүртэл шүүмжилж, “Монголын хамгийн муу гэрээнүүд дандаа гадаадад зурагддаг. Харбинд хийсэн энэ тохиролцоо ч мөн адил” хэмээн дурдсан юм.

Нөгөөтэйгүүр, нүүрс худалдах гэрээг нууцалсан нь өөрөө сэжиг төрүүлж, гэрээний цаана авлига, ашиг сонирхлын зөрчил байгааг харуулж байна гэж тэр үзэж байна.

Тодорхой хүмүүсийг буруутгав

Экс ерөнхийлөгчийн байр суурьт Б.Дэлгэрсайхан сайд, Ц.Туваан нар голлох үүрэгтэй хэмээн онцолсон. Тэрээр Дэлгэрсайханыг “ил гарч муухай аашлаж байгаа” гэж, харин Ц.Тувааныг гэрээнд гар бие оролцсон гэж буруутгав. Түүнчлэн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын оролцоог дурдсан юм.

“Л.Оюун-Эрдэнэ гурван сар надад зүрх дарсан”

Н.Энхбаяр яагаад энэ асуудлыг одоо ярьж буйгаа тайлбарлахдаа:

“Би маш олон ноцтой асуудлыг мэдэж байгаа ч ард түмнийг бухимдуулахгүй гэж бодоод эхлээд оролцсон хүмүүстэй уулзаж зөвлөгөө өгөхийг оролдсон. Энэ талаар мэдсэнийхээ дараа Л.Оюун-Эрдэнэ сайдтай уулзах гэж гурван сар оролдсон. “Яаралтай уулзъя” гэхэд дандаа зүрх дарчихдаг байсан. Би үүнийг ‘удалгүй уулзана’ гэж ойлгоод хүлээсээр байсан. Гэвч хоёр долоо хоног өнгөрөхөд ахиад л зүрх дардаг байлаа. Ингээд гурван сар надад зүрх дарсан” гэжээ.

Энхбаярын хэлснээр, тэр өнөөдөр Ерөнхий сайд Г.Занданшатарт хандан гэрээг засаач гэж шаардаж байгаа бөгөөд Монгол Улсыг ашиггүй хэлэлцээрийн “гав дөнгөнөөс” гаргахын төлөө энэ асуудлыг хөөцөлдөж байгаа аж.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй