Н.Нандинхүсэл: Анхны медаль минь Монголын спортын түүхэнд үлдэнэ гэж төсөөлөөгүй

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Н.Нандинхүсэл

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж, Монголын эмэгтэй шигшээ баг түүхэндээ анх удаа мөнгөн медаль хүртсэн нь бахархам амжилт болж үлдлээ.

Энэхүү амжилтыг үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, багийн гишүүд болох М.Цэрэнлхам, О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл нарыг “Монгол Улсын гавьяат тамирчин” цолоор шагналаа.

Тэдний дундаас хамгийн залуу нь болох, дөнгөж 18 настай Н.Нандинхүсэл гавьяат цол хүртсэнээр хамгийн залуудаа энэхүү эрхэм цолонд хүрсэн эмэгтэй тамирчин болж байна.

«Бүх зүйл мөрөөдөл мэт байна»

Шагнал гардуулах ёслолын дараа Н.Нандинхүсэл сэтгүүлчдэд сэтгэгдлээ хуваалцсан юм.

“Төрийн өндөр шагнал хүртэнэ гэдэг үнэхээр итгэмээргүй байна. Би ийм түвшинд хүрнэ гэж үргэлж мөрөөддөг байсан. Энэ мөрөөдөл маань биелсэнд одоо болтол итгэж чадахгүй байна. 9 настайгаасаа сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн. Харин шигшээ багт орж, идэвхтэй бэлтгэлд хамрагдаад 3-4 жил болж байна” хэмээн тэрээр ярив.

Н.Нандинхүсэлийн хувьд энэ удаагийн ДАШТ нь түүний олон улсын анхны тэмцээн байсан бөгөөд мөнгөн медаль нь түүний хувьд анхны, Монголын хувьд түүхэн дурсамжтай амжилт боллоо.

“Энэ медаль бол миний анхны олон улсын медаль. Гэхдээ энэ нь улсын хэмжээнд түүхэн амжилт болж, надад гавьяат цол авчирсан нь үнэхээр гайхалтай санагдаж байна” гэж тэр нэмж хэллээ.

Ирээдүй рүү чиглэсэн зорилго

Тэрээр АНУ-д ахлах сургуулиа дүүргэсэн бөгөөд цаашид гадаадад дээд боловсрол эзэмших зорилготой байжээ. Түүний гол зорилго нь АНУ-ын WNCAA Division I-д тоглох байсан боловч шаардлагатай тэтгэлэг аваагүй тул түр хугацаанд хойшлуулсан байна. Харин сүүлийн үед энэ мөрөөдөлдөө алхам ойртож чаджээ.

“ДАШТ-ий өмнө АНУ-ын WNCAA-гийн Division II-ийн Флорида Теч их сургуулиас тэтгэлэг ирсэн. Энэ зун тус сургуульд сурахаар явна” гэж Н.Нандинхүсэл ярилаа.

Мөн тэрээр 2028 оны Лос-Анжелесын олимпод Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж оролцохоор бэлтгэлээ үргэлжлүүлж буйг онцлов.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment