Table of Contents
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийт 24 асуудал хэлэлцэж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн үүсмэл орд буюу овоолгыг ашиглахтай холбоотой чухал шийдвэр гаргалаа.
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл хийхдээ, стратегийн ордыг түшиглэсэн үүсмэл ордуудыг ашиглах үйл ажиллагааг цэгцлэх зорилгоор шинэ журам баталсан тухай онцлов.
Юу өөрчлөгдөв?
Н.Учралын хэлснээр, өмнө нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн үүсмэл ордыг нээлттэй сонгон шалгаруулалтгүйгээр, тодорхой компаниудад ашиглуулж ирсэн нь шударга бус байдал үүсгэдэг байжээ. Энэ байдлыг өөрчлөхөөр:
- Үүсмэл ордыг ашиглахдаа заавал нээлттэй сонгон шалгаруулалт зарлах
- Сонгон шалгаруулалтад тэнцсэн компани, ААН-тэй гэрээ байгуулах
- Гэрээний дагуу ашиглалтын ашиг, төлбөрийг тодорхой нөхцөлтэйгээр хуваарилахыг Засгийн газар баталгаажуулсан байна.
Одоогийн ашиглагч компаниуд
Н.Учрал даргын мэдээлснээр, “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэсэн үүсмэл ордыг одоогоор:
- “Ачит Ихт”
- “Эрдмин”
- “Зэс эрдэнийн хувь” гэсэн гурван компани ашиглаж байгаа бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан байна.
Цаашид энэхүү ордыг ашиглах шинэ төсөл хэрэгжүүлэх тохиолдолд, 34 хувийг төр үнэ төлбөргүй эзэмших шаардлагыг Баялгийн сангийн тухай хууль болон Засгийн газрын тогтоолоор үндэслэн албан ёсоор хэрэгжүүлэх юм.
“Эрдэнэт”-ийн төлөвлөж байсан төсөл зогссон
Н.Учрал:
“Эрдэнэт үйлдвэр өөрөө овоолгыг ашиглах чиглэлээр бие даан төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байсан. Гэхдээ өнөөдрийн Засгийн газрын шийдвэрээр уг төслийг зогсоож, цаашид зөвхөн нээлттэй сонгон шалгаруулалтаар тэнцсэн компани хөрөнгө оруулалт хийн, ашиглалтад оролцоно.”
Баялгийн сангийн хуримтлал
Шинэ тогтоолын дагуу:
- Ашиглах компани нь эзэмшлийн 34 хувийг Баялгийн санд хуримтлуулах
- Ашиглалтын төлбөр, бусад нөхөн олговрыг Эрдэнэт үйлдвэрт төлөх эрх зүйн зохицуулалт бий болсон байна.