Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал стратегийн ордуудын талаарх танилцуулга хийлээ. Тэрээр Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг ахалж буй бөгөөд энэ хүрээнд “Төгрөг нуурын орд”-той холбоотой асуудлыг хөндөн, санхүүгийн болон хууль зүйн шинжилгээ хийсэн гэв.
Тэрбээр “Энэ орд нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоотой байж болзошгүй” хэмээгээд өмнө нь түүнд долоо хоногийн хугацаа олгосон ч ямар нэгэн тайлбар, бичиг баримт ирүүлээгүйг дурдсан юм. Түүнчлэн Н.Учрал “Төгрөг нуурын ордыг минийх гэдгийг нотолж чадвал 100 хувь аваарай” гэж хэлсэн хэмээн Х.Баттулгын хэвлэлд өгсөн ярилцлагыг эшлэн, “Би нотолж байна. Та хэлсэн үгэндээ эзэн байгаарай” гэж мэдэгдэв.
Н.Учрал илтгэлдээ дараах баримтуудыг дурдав:
- 2006 онд “Camex” компани “Төгрөг нуурын орд”-ыг 100 хувь эзэмшиж байсныг тогтоосон. Уг компанийн 90 хувийг Х.Баттулга, 10 хувийг Я.Батсүх эзэмшдэг байжээ.
- Хожим нь хувьцааг охин Б.Намуун болон эгч Х.Цэндбаярт шилжүүлж, оффшор компаниудаар дамжуулан нийт 250 ам.доллараар зарсан нь Хонконгийн хөрөнгийн биржийн баримтад тэмдэглэгдсэн байна.
- 2009 онд Сингапурт бүртгэлтэй компанид олгосон Монголын уул уурхайн тусгай зөвшөөрөл бүхий орд газартай холбоотой гэрээ байгуулсан. Энэ үед Х.Баттулга Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд байсан бөгөөд өөрийн компанитай шууд гэрээ байгуулсан нь баримтаар нотлогдсон гэж үзэж байна.
- Компанийн нэр, үйл ажиллагааны чиглэл гурван удаа өөрчлөгдсөн бөгөөд бүртгэл, хувьцаа эзэмшигчдийн мэдээллээр Б.Намуун болон хамтран бизнес эрхэлж байсан иргэн гол хувь эзэмшигчид болсон нь тодорхой болсон.
- Түүнчлэн 2010 онд 250 сая ам.доллараар үнэлэгдэж байсан компанийн хувьцаа 2016 онд Монголд үнэ төлбөргүйгээр шилжүүлсэн нь бас нэг анхаарал татахуйц баримт юм.
Н.Учрал “Шинжээчид, хуульч, санхүүчдийн нарийн судалгаагаар ямар ч далд схемийг илрүүлж чадна” гэж онцлон дурдсан юм.
Ингээд тэрээр “Төгрөг нуур Энержи” компанийн ард байрших “Camex” компанийг татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан, авлига болон ашиг сонирхлын зөрчилтэй асуудалд холбогдуулан Улсын ерөнхий прокурорын газар болон Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар баримтуудыг шилжүүлж байгаагаа мэдэгдэв.
Түүнчлэн ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлд шаардлагатай нэмэлт материалуудыг бүрдүүлэх үүрэг өгч, ордыг Үндэсний баялгийн санд бүртгэн авах ажлыг хариуцахыг АҮЭБ-ийн сайд Ц.Туваанд даалгасан байна.