Наадмын бөхийн тоо цолны маргааныг дагуулж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Улсын начин Э.Батмагнай ес даван түрүүлж, Улсын арслан цол хүртлээ

Тулгар төрийн 2235 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн тэгш ой энэ онд тохиож байна. Үүнтэй холбоотойгоор Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1024 бөх эсвэл 512 бөх барилдуулах асуудал одоогоор тодорхой шийдэлд хүрээгүй хэвээр байна.

“Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн 9.1-д 10 жил тутам 1024 бөх барилдуулах зохицуулалттай ч энэ жилийн хувьд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага үүсч болзошгүй талаар Шадар сайд Х.Ганхуяг мэдэгдсэн. Тэрбээр Баяр наадмын комисс удахгүй хуралдаж, эцсийн шийдвэрийг гаргана гэв.

Харин бөхийн хүрээнд хамгийн их анхаарал татаж буй асуудал нь цол, амжилтын эрэмбийн зөрүү юм. Жишээлбэл, 1024 бөх барилдсан нөхцөлд ес давж үзүүрлэх амжилт гаргасан бөхчүүдийн цол өөрөөр үнэлэгдэх магадлалтай.

Үүсч буй зөрчил:

  • Э.Батмагнай ес давж үзүүрлэвэл улсын аварга цол хүртэх боломжтой
  • Б.Орхонбаяр ес давж үзүүрлэвэл зөвхөн чимэг нэмэх нөхцөл үүснэ
  • Улсын аварга цолыг заавал нэгээс доошгүй түрүүлсэн бөхөд олгодог журам үйлчилнэ

Ижил амжилт гаргасан бөхчүүд өөр өөр үнэлгээ авах нөхцөл нь бөхийн цолны эрэмбэ, шударга үнэлгээний талаар маргаан дагуулж байна. Цол, амжилтын дараалал нь бөхчүүдийн дараагийн барилдаанд амлах эрх, урам зоригт шууд нөлөөлдөг чухал хүчин зүйлд тооцогддог.

Мөн 1024 бөх барилдах үед улсын цолтнуудын тоо огцом нэмэгддэг статистик бий. Тухайлбал:

  • 2022 онд 1024 бөх барилдахад 22 шинэ улсын цолтон төрсөн
  • 2023 онд 512 бөх барилдахад 7 шинэ улсын цолтон төрсөн

Энэ нь цолны үнэлэмж буурах, “начин цолны найраа” нэмэгдэх нөхцөл бүрддэг гэх шүүмжлэлийг дагуулдаг. Илүү олон бөх барилдах тусам давааны ачаалал өөрчлөгдөж, цол хүртэх боломж нэмэгддэг нь бодит ялгаа үүсгэдэг байна.

Сүүлийн 20 жилийн жишээнээс харахад 1024 бөхийн барилдаанд түрүүлсэн аваргуудын цөөнх нь цолоо бататгаж, дахин түрүүлсэн үзүүлэлттэй байгаа нь цолны чансааны талаар дахин авч үзэх шаардлагатайг илтгэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй