АНУ-ын Хуульзүйн департаментаас мэдээлснээр “Найзууд” цувралын Чэндлерын дүрээрээ танигдсан жүжигчин Мэттью Перригийн үхэлд холбогдох хэрэгт “Кетамины хатан” хэмээх хочоороо танигдсан Жасвин Сангха буруугаа хүлээжээ.
42 настай Америк-Британийн давхар иргэншилтэй Сангха жүжигчинд үхлийн шалтгаан болсон кетаминыг худалдсан хэрэгтэй холбоотойгоор нийт таван зүйл ангид буруугаа хүлээн зөвшөөрсөн байна. Өмнө нь холбооны прокурорууд түүнд есөн хэрэгт ял тулгасан ч тэдгээрийн талыг ийнхүү баталгаажуулжээ.
Цагдаа нар Лос-Анжелес дахь түүний гэрт нэгжлэг хийхдээ тарих зориулалттай 80 гаруй тун кетамин хураан авсан байна. Түүнийг Мэттью Перригийн үхэлд буруутгагдаж буй таван этгээдийн нэг гэж үзэж байгаа бөгөөд бусад нь жүжигчний эмч Сальвадор Пласенсиа, туслах эмч Марк Чавез, хувийн туслах Кеннет Ивамаса болон худалдаачин Эрик Флеминг нар багтаж байна.
Жасвин Сангхагийн хэрэг ойрын өдрүүдэд Лос-Анжелес дахь холбооны шүүхэд хэлэлцэгдэх бөгөөд тэрээр буруутай нь нотлогдвол 65 жилийн хорих ял сонсох эрсдэлтэй ажээ.
Холливудын од Мэттью Перри 2023 оны аравдугаар сард Лос-Анжелес дахь гэрийнхээ усан санд нас барсан байдалтай олдсон. Шүүх шинжилгээний дүгнэлтээр түүний үхлийн шалтгаан нь кетамины цочмог нөлөө байсан болохыг тогтоосон юм.