Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Биеийн тамир, спортын улсын хороо, түүний харьяа байгууллагуудын ажилтан, албан хаагчид болон тамирчид өнгөрсөн Бямба гарагт Налайх дүүргийн Шинэ цэнгэлдэх хүрээлэнд 2240 ширхэг хайлаас мод тарьсан байна. Мөн өмнө нь тарьсан моднуудаа усалж, арчилгаа хийжээ.
Монголчууд эртнээс байгаль, эх дэлхийгээ хайрлан хамгаалдаг уламжлалт хандлагатай ард түмэн. Энэ уламжлалыг өвлөн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор спортын салбарынхан жил бүрийн тав болон аравдугаар сард мод тарих ажлыг зохион байгуулж хэвшсэн байна.
Энэ удаагийн арга хэмжээнд Биеийн тамир, спортын улсын хороо, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв, Үндэсний шигшээ баг болон спорт холбоодын тамирчид, дасгалжуулагч нар оролцсон бөгөөд нийт 170 хүн энэхүү ажилд гар бие оролцжээ. Уг үйл ажиллагаа нь зөвхөн мод тарихаар зогсохгүй байгаль хамгаалах ухамсрыг төлөвшүүлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн өргөн хүрээтэй санаачилга болсон юм.