Монгол Улс, Казакстан улсын гавьяат тамирчин, бөхийн чөлөөт барилдааны Олон Улсын хэмжээний мастер, Баян-Өлгий аймгийн баяр наадамд 10 удаа түрүүлсэн, Монгол Улсын харцага Однайн Бахытын нэрэмжит “Наурыз 2026” улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан зохион байгуулагдана. Тус барилдаан гуравдугаар сарын 21-ний Бямба гарагийн 12:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд болох товтой.
Жил бүрийн Наурызын баярыг тохиолдуулан зохион байгуулдаг энэхүү барилдаан нь бөх сонирхогчдын анхаарлыг татсан томоохон арга хэмжээний нэг юм. Улс, аймгийн цолтой шилдэг бөхчүүд оролцож, хүч сорихоороо онцлогтой.
Барилдаанд амжилт гаргасан бөхчүүдэд дараах шагнал олгоно.
- Түрүү бөх – автомашин
- Үзүүр бөх – дөрвөн сая төгрөг
- Их шөвгийн бөхчүүд – тус бүр хоёр сая төгрөг
Мөн үзэгчдийн дундаас гурван супер азтан тодруулах хөтөлбөрийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Барилдах бөхчүүдийг гуравдугаар сарын 19-20-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд Монголын Үндэсний Бөхийн Холбооны албан ёсны цахим хаягаар бүртгэнэ.