Непал улсын түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдэж, реппер байсан улс төрч Балендра Шах тус улсын Ерөнхий сайдын тангаргаа өргөлөө. Энэ тухай Reuters агентлаг мэдээллээ.
Өдгөө 35 настай Шах нь сүүлийн хэдэн арван жилийн хугацаан дахь Непалын хамгийн залуу Засгийн газрын тэргүүн болж байна. Мөн тэрээр Энэтхэгтэй хиллэдэг өмнөд талын тэгш талын оршин суугчид болох Мадхеси (Madhesi — Непалын өмнөд хэсэгт оршин суудаг угсаатны бүлэг) үндэстнээс тодорсон анхны Ерөнхий сайд болж байгаагаараа онцлог юм.
Тэрээр өмнө нь нийслэл Катманду хотын даргаар ажиллаж байсан туршлагатай. 3 дугаар сарын 5-нд болсон бүх нийтийн сонгуулиар түүний тэргүүлдэг “Растрия Сватантра” (RSP) нам парламентын 275 суудлаас 182-ыг нь авч үнэмлэхүй ялалт байгуулснаар тэрээр ийнхүү засгийн эрхийг барихаар боллоо. Энэхүү сонгууль нь өнгөрсөн оны есдүгээр сард авлигын эсрэг “Зумер” (Gen Z) үеийнхний өрнүүлсэн тэмцлийн дараах анхны санал хураалт байсан юм. Тухайн үеийн эсэргүүцлийн жагсаалын үеэр 76 хүн амиа алдаж байв.

Тангараг өргөх ёслолын өмнөхөн Шах нэгэн шинэ дуу, клип цацсан бөгөөд үүндээ эх оронч үзэл болон Непалын гэрэлт ирээдүйд итгэх өөдрөг үзлээ илэрхийлжээ. Тэрээр дуундаа “Энэ удаад Непал айхгүй байна, зүрх минь халуун цусаар дүүрэн… инээд хөөр, аз жаргал айл бүхэнд хүрнэ” хэмээн дуулж, сонгуулийн сурталчилгааны үеэрх олон мянган дэмжигчдийнхээ дүрсийг багтаасан байна.
Шах тангараг өргөснийхөө дараа Засгийн газрынхаа 14 гишүүнийг томилсон нь төрийн зардлыг танах зорилгоор цомхон баг бүрдүүлнэ гэсэн амлалтдаа хүрсэн үйлдэл боллоо.
Эх сурвалж: Reuters