Нийслэл хотод Лхагва гарагаас эхлэн цас орж, жавартай хүйтэн өдрүүд үргэлжилнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Ойрын өдрүүдэд зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Өнөөдөр Улаанбаатар хотод үүл багасаж, хур тунадасгүй тогтуун байх боловч шөнөдөө хүйтний эрч чангарах төлөвтэй байна. Ялангуяа хотын захын дүүрэг буюу Яармаг, Сонгино орчмоор агаарын температур шөнөдөө -31 градус хүртэл буурах бол өдөртөө -16 градусын орчимд байх юм. Салхины чиглэл баруун хойноос секундэд 5-10 метр хурдтай салхилах төлөв гарчээ.

Ойрын тав хоногийн цаг агаарын ерөнхий төлөв

Нэгдүгээр сарын 13-наас эхлэн нийт нутгийг хамарсан цаг агаарын тогтворгүй үзэгдэл эхэлж байна. Маргааш баруун аймгуудын зарим хэсгээр цас орж эхлэх бол Лхагва гарагт буюу 14-ний өдөр төвийн аймгуудын ихэнх нутаг болон нийслэл хотод цас орж, цасан шуурга шуурах нь. Ирэх өдрүүдэд салхины хурд Алтайн уулархаг нутаг болон бусад бүс нутгуудаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

Бүс нутгуудын температурын хуваарилалт

Монгол орны нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн өдрүүд үргэлжлэх бөгөөд газар зүйн байршлаас хамааран агаарын температур харилцан адилгүй байна. Үүнд:

  • Хамгийн хүйтэн бүс: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -38 градус, өдөртөө -26 градус хүрч хүйтэрнэ.
  • Уулархаг нутаг болон томоохон голын савууд: Хангай, Хөвсгөл, Хэнтийн нуруу болон Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар шөнөдөө -31 градус хүртэл жавартай байна.
  • Харьцангуй дулаан бүс: Алтайн өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13 градус хүйтэн байх боловч өдөртөө нэмэх 4 градус хүртэл дулаарах төлөв гарчээ.
  • Бусад нутгаар: Ихэнх нутагт шөнөдөө -23 градус, өдөртөө -14 градусын орчимд хүйтэн байна.

Анхааруулга: Цас орж, салхи ширүүсэж буй эдгээр өдрүүдэд үзэгдэх орчин хязгаарлагдах, зам даваа халтиргаа гулгаатай болох тул хөдөө орон нутагт зорчих жолооч нар аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна. Мөн малчид салхи шуурганаас урьтаж малаа ойр бэлчээх нь эрсдэлээс сэргийлэх үндсэн алхам болно.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй