Тээврийн прокурорын газрын мэдээллээр 2025 оны арваннэгдүгээр сарын 1-ний байдлаар нийслэлийн хэмжээнд 552 зам тээврийн осол бүртгэгдэж, нийт 606 хүүхэд осолд өртсөн байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад өсөлттэй үзүүлэлт бөгөөд ослын дийлэнх нь явганаар хөдөлгөөнд оролцож байсан хүүхдүүдийн дунд гарчээ.
Дүүргүүдийн хувьд ослын тоо дараах байдлаар бүртгэгджээ:
- Баянзүрх дүүрэг — 148 хүүхэд
- Хан-Уул дүүрэг — 126 хүүхэд
- Сонгинохайрхан дүүрэг — 102 хүүхэд
- Сүхбаатар дүүрэг — 92 хүүхэд
- Баянгол дүүрэг — 88 хүүхэд
- Чингэлтэй дүүрэг — 50 хүүхэд
Ослын шалтгаан, хэлбэр
Ослын дийлэнх хувь нь явган зорчигч хүүхдүүдийн (376) дунд гарсан бол 98 хүүхэд автомашинд зорчиж байх үедээ, 132 хүүхэд унадаг болон цахилгаан дугуй унаж явахдаа осолд оржээ.
Эдгээрийн улмаас нийт 140 хэрэгт Эрүүгийн хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд 71 хэрэг шүүхээр шийдвэрлэгдэж, буруутай этгээдэд ял оногдуулсан байна.
Тээврийн прокурорын газраас дараах сэрэмжлүүлгийг өгч байна:
- 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх;
- Жолооч нар техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, замын нөхцөлд тохируулан хурд хасах;
- Хальтиргаа, гулгаа ихтэй энэ улиралд анхаарал болгоомжоо нэмэгдүүлэх.
Эдгээр зөвлөмжийг мөрдвөл хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, зам тээврийн ослын тоог бууруулах чухал ач холбогдолтой гэж холбогдох байгууллагууд онцолж байна.