Нийслэлийн есөн байршилд үерийн хамгаалалтын шинэ далан барина

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Улаанбаатарын 9 байршилд шинэ үерийн далан барина

Дэлхийн банкны санхүүжилттэй төсөл хэрэгжиж эхэлж байгаа бөгөөд үүний хүрээнд Улаанбаатар хотын есөн байршилд үерийн хамгаалалтын далан, суваг, борооны ус зайлуулах шугамыг шинэчлэх болон өргөтгөх ажлууд хийгдэхээр төлөвлөгджээ.

Төслийн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), мөн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ боловсруулж байгаа бөгөөд уг ажилд Дэлхийн банкны зөвлөх баг оролцож байна.

Зөвлөхүүдийн дүгнэлтээр, Улаанбаатар хотын уур амьсгалын онцлог, ажлын өртөг болон гүйцэтгэлийн нөхцөл байдлыг харгалзан, шугам хоолойг шуудуу ухахгүйгээр доторлох дэвшилтэт технологи ашиглахыг санал болгосон байна. Үүнд дараах технологиудыг хэрэглэхийг зөвлөжээ:

  • Close-fit — хуучин хоолойн дотор шинэ бүтцийг үүсгэх нөхөн сэргээх арга;
  • CIPP (Cured-In-Place Pipe) — хуучин хоолойн дотор шинэ доторлогоо үүсгэж, бүтцийг бэхжүүлэх технологи;
  • Pipe Bursting — хуучин хоолойг бүрэн солино.

Эдгээр технологийг ашигласнаар шуудуу ухах шаардлагагүйгээр инженерийн шугам сүлжээг шинэчлэх, ажил гүйцэтгэлийн зардлыг хэмнэх, мөн цаг хугацаа хожих боломж бүрдэх юм.

Төслийн зорилго нь Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөний хүрээнд үерийн эрсдэлийг бууруулах, бохир ус болон борооны ус зайлуулах системийг шинэчлэхэд чиглэж байна.

Төслийн хүрээнд:

  • 22 байршилд 93.8 км урт үерийн хамгаалалтын далан,
  • 16 байршилд 100.7 км урт суваг,
  • 26.37 км урт инженерийн шугам барихаар төлөвлөсөн бол,
  • 4 байршилд хөв цөөрөм байгуулах юм.

Одоогийн байдлаар нийслэлд 51.6 км урт үерийн хамгаалалтын далан болон 107.6 км урт үерийн хамгаалалтын суваг нийт 58 байршилд бий. Гэвч эдгээр байгууламж нь их үерийн эрсдэлээс бүрэн хамгаалах боломжгүй болсон байна. Учир нь, голчлон үерийн сувгийн голдирол хагшаасаар дүүрч, усны урсцыг саатуулж буйгаас гадна хатуу урсцыг тогтоон барих байгууламжийн хүрэлцээ хангалтгүй байгаа аж.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй