Түргэн тусламжийн автомашин бүрт GPS төхөөрөмж суурилуулснаар тухайн тээврийн хэрэгслийн байршил, хөдөлгөөний чиглэлийг төвөөс шууд хянах боломж бүрдсэн. Энэхүү систем нь автомашинуудыг зөвхөн эмнэлгийн тусламж үйлчилгээний зориулалтаар ашиглаж буй эсэхэд хяналт тавих, дуудлагад очих хугацааг оновчтой болгох чухал ач холбогдолтой юм.
Албан ёсны автомашиныг таних тэмдэг, ялгарах онцлог
Сүүлийн үед цахим орчинд хувийн болон бусад эмнэлгийн автомашиныг Нийслэлийн түргэн тусламжийн төвийнх хэмээн андуурч, буруу мэдээлэл түгээх тохиолдол гарч байна. Тиймээс иргэдэд албан ёсны автомашиныг дараах тэмдэглэгээгээр ялгахыг зөвлөж байна.
- Урд болон хойд талдаа: “ТҮРГЭН ТУСЛАМЖ” гэсэн тод бичиглэлтэй.
- Хоёр хажуу талдаа: Хөх өнгийн дэвсгэр дээр цагаан өнгөөр “НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ” хэмээн бичсэн байдаг.
- Лого: Автомашины хажуу талд байгууллагын албан ёсны хөх өнгийн лого байрлана.
Энэхүү тэмдэглэгээнээс өөр өнгө, бичиглэлтэй автомашинууд нь хувийн хэвшлийн эсвэл улсын бусад эмнэлгүүдийн тээврийн хэрэгсэл болохыг НТТТ-өөс албан ёсоор мэдэгдлээ.
Иргэдэд өгөх анхааруулга
Улаанбаатар хотод төрийн болон хувийн олон эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэдгээр нь бүгд өөрийн гэсэн эмнэлгийн автомашинтай байдаг. Иргэд эмнэлгийн бус зорилгоор зорчиж буй бусад байгууллагын машины зургийг авч, нийтийн түргэн тусламжийн үйлчилгээтэй холбон ташаа мэдээлэл тараахгүй байхыг хүсэж байна.
Дээрх таних тэмдгийг сайтар тогтоосноор та албан ёсны түргэн тусламжийн үйлчилгээг бусад үйлчилгээнээс төвөггүй ялгах боломжтой юм.
