Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор шинэ чиглэл нээгдэж, нэг чиглэлийн замналд өөрчлөлт оруулсан байна.
Тодруулбал, 2025 оны наймдугаар сарын 9-нөөс эхлэн Ч:71А чиглэл шинээр нээгдэж, Д:1 чиглэлийн замнал шинэчлэгдэн хэрэгжиж эхэлнэ.
Шинэ Ч:71А чиглэл нь “Дүнжингарав худалдааны төв – Баянмонгол хороолол – МУБИС – Сүхбаатарын талбай” гэсэн маршрутаар явна. Энэхүү чиглэлийг Баянзүрх дүүргийн 26 болон 36 дугаар хорооны иргэдийн хүсэлт, зорчих эрэлтийг харгалзан Нийтийн тээврийн бодлогын газраас нээжээ.
Мөн Д:1 чиглэл буюу “Шархад – Ботаник” чиглэлийн замналд өөрчлөлт орж, одоо “Шархад – Улиастайн хуучин эцэс – Хангамж” чиглэлээр явах болсныг мэдэгдэв. Шинэ замналын хүрээнд 3.9 км хатуу хучилттай зам тавигдсан нь Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны иргэдэд нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах үндэс болжээ. Үүнтэй холбогдуулан дөрвөн шинэ зогсоол төлөвлөсөн байна.
НТБГ-аас нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч байгааг мөн дурджээ.
Нийслэлийн хэмжээнд өдөр бүр нийт 1,096 автобус иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байна.

