“Нийтийн тээврийн бодлогын газар”-ын 70044040 дугаарын утсанд иргэдээс ирүүлж буй санал гомдлыг тухай бүрт нь шалгаж, хариуцлага тооцон ажиллаж байна. Сүүлийн өдрүүдэд иргэдийн амь насанд эрсдэл учруулсан болон зорчигчдыг үл хүндэтгэсэн хэд хэдэн гомдол ирснийг дараах байдлаар шийдвэрлэжээ.
Зөрчил гаргасан жолооч нарт Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйл буюу “Автотээврийн хэрэгслээр зорчигч, ачаа тээвэрлэх журам зөрчих” заалтын дагуу мөнгөн торгууль оногдуулсан байна.
Шийдвэрлэсэн гомдлуудын тойм:
- Хойд хаалгаа нээлттэй явуулсан зөрчил: Хан-Уул дүүргийн иргэний гаргасан гомдлын дагуу Ч:52 чиглэлийн (11-021 гарааш дугаартай) автобусны жолооч Б.Д-ыг шалгажээ. Тэрээр зорчигчдын аюулгүй байдлыг хангалгүй, хойд хаалгаа хаахгүй хөдөлгөөнд оролцсон тул 25 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25,000 төгрөгөөр торголоо.
- Зорчигчийг буудал дээр нь хүргэлгүй, доромжлон хөөсөн зөрчил: М:1 чиглэлийн (2-118 гарааш дугаартай) автобусны жолооч С.Б нь “цайндаа орно” гэх шалтгаанаар зорчигчдыг эцсийн буудал хүрэхээс өмнө буухыг шаардаж, хэл амаар доромжилсон байна. Түүнд Зөрчлийн хуулиар 25,000 төгрөгийн торгууль оногдуулжээ.
- Зорчигчоо авалгүй хаяж явсан зөрчил: Ч:51 чиглэлийн (11-001 гарааш дугаартай) автобусны жолооч Б.Б нь Хавдар судлалын эмнэлгийн зогсоол дээр зорчигч хаалга нүдсээр байтал авалгүй явсан байна. Уг үйлдэлд нь 15,000 төгрөгийн торгууль оногдуулсан байна.
Нийтийн тээврээр зорчиж буй иргэн та үйлчилгээтэй холбоотой гомдол, саналаа 70044040 дугаарын утсанд холбогдон хэлэх боломжтой. Ингэхдээ тухайн автобусны чиглэл, гараашийн дугаар болон цаг хугацааг тодорхой тэмдэглэж өгөх нь хэргийг шуурхай шийдвэрлэхэд туслах юм.