Николь Кидман Кит Урбанаас салсан талаараа анх удаа ам нээв: “Бид гэр бүл хэвээр үлдэнэ”

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Николь КидманНиколь Кидман

Холливудын нэрт жүжигчин Николь Кидман кантри дуучин Кит Урбантай 20 жил хамт амьдарсны эцэст салсан талаараа анх удаа олон нийтэд тайлбар өглөө. Тэрээр амьдралынхаа хүнд хэцүү үеийг даван туулж, ирээдүйдээ анхааран, гэр бүлийн үнэ цэнийг хадгалж үлдэхийг хичээж байгаагаа онцолсон юм.

Жүжигчин бүсгүй “Variety” сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр өнгөрсөн жил түүний хувьд амаргүй байсныг дурдаад, сэтгэл санааны тэнцвэрт байдлаа алгуурхан сэргээж байгаагаа хуваалцжээ.

Николь Кидман:

“Би үргэлж сайн сайхан руу тэмүүлдэг. Гэр бүл маань байгаагаараа үлдэж, хамтдаа урагшилж байгаад би талархаж байна. Бусад зүйлийн тухайд би хүндэтгэлтэй хандаж, чимээгүй байхыг илүүд үзэж байна. Бид ‘Гэр бүл’ хэвээрээ байх болно. Миний үзэсгэлэнт охид хэдийнэ бие даасан бүсгүйчүүд болжээ” хэмээн ярьжээ.

Хэдийгээр тэд гэрлэлтээ цуцлуулсан ч охид болох Сандей Роуз болон Фейт Маргарет нарынхаа хүмүүжилд хамтдаа анхаарч, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг эвдэхгүй байхыг хичээж байгаагаа тэрээр нэмж дурдсан юм.

Николь Кидман, Кит Урбан нар 2006 оны зургаадугаар сард Сидней хотод хуримлаж байсан бөгөөд тэднийг Холливудын хамгийн тогтвортой хосуудын нэгд тооцдог байв. Гэвч 2025 оны намар тэднийг тусдаа амьдарч байгаа тухай мэдээлэл гарч эхэлсэн юм. Эх сурвалжуудын мэдээлснээр, Кит Урбан тэр жилийн зун хамтын эзэмшлийн харшаа орхиж, Нэшвилл рүү нүүсэн байна. Жүжигчин бүсгүй харилцаагаа аврахыг хичээсэн ч тэдний салалт эцсийнх байж, 2026 оны нэгдүгээр сарын эхээр шүүхээс гэрлэлтийг нь албан ёсоор цуцалжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй