Николас Мадурогийн хоригдож буй нөхцөл байдал: Венесуэлийн Ерөнхийлөгч хаана байна вэ?

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Мадуро

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро АНУ-ын Брүүклин дэх шоронгийн хоёрхон метрийн өргөн, гурван метрийн урттай тусгаарлах камерт хоригдож байна. Испанийн “ABC” сонин энэ талаар дэлгэрэнгүй мэдээллээ.

Тус хэвлэлд мэдээлснээр, ийм төрлийн камерыг албан ёсоор сахилгын шийтгэл ногдуулах, амиа хорлохоос сэргийлэх болон онц аюултай хоригдлуудыг хамгаалах зорилгоор ашигладаг байна. Гэвч бодит байдал дээр энэ нь хоригдлыг гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлаж байгаа хэрэг юм.

“Камер нь маш давчуу бөгөөд дотор нь төмөр ор, бие засах газар, угаалтуур болон байгалийн гэрэл маш бага тусдаг нарийн цонхноос өөр зүйлгүй” хэмээн “ABC” сонин онцолжээ. Хоригдолд долоо хоногт гурван удаа, тус бүр нэг цагаар гадаа гарах эрх олгодог бөгөөд энэ үед үргэлж гавтай, хоёр харуулын хяналт дор байдаг. Энэхүү нэг цагийн хугацаанд тэд шүршүүрт орох, утсаар ярих, имэйлээ шалгах (хяналтан дор) эсвэл тусгайлан хашаалсан жижиг талбайд салхилах боломжтой аж.

Өнгөрсөн нэгдүгээр сарын 3-нд АНУ-ын тал Венесуэльд тусгай ажиллагаа явуулж, Ерөнхийлөгч Николас Мадуро болон түүний гэргий Силия Флорес нарыг баривчлан Нью-Йоркт авчирсан юм. Дональд Трамп тэднийг “хар тамхины терроризм” үйлдэж, АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэрэгт буруутган шүүхэд шилжүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Одоогоор Дэлси Родригес тус улсын түр удирдагчаар ажиллаж байна.

Харин гуравдугаар сарын 5-нд Венесуэль болон АНУ-ын засгийн газрууд дипломат болон консулын харилцаагаа эргэн сэргээж байгаагаа зарласан юм. Хэргийг эргэн сануулбал, 2019 оны нэгдүгээр сард Цагаан ордон өөрийгөө ерөнхийлөгчөөр зарласан Хуан Гуайдог хүлээн зөвшөөрсний дараа Венесуэль улс АНУ-тай дипломат харилцаагаа таслаад байсан билээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй