Нөхрийнхөө үхлээр ном бичиж “од” болсон эмэгтэй түүнийг хөнөөсөн алуурчин байжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Кури Ричинс

Юта мужийн зохиолч Кури Ричинсийг өөрийн нөхрийг үхлийн тунтай бодисоор хордуулж хөнөөсөн хэрэгт шүүхээс буруутай гэж үзлээ. Тэрээр 4 сая гаруй ам.долларын өрнөөсөө салж, нууц амрагтайгаа шинэ амьдрал эхлүүлэхийн тулд ийм аймшигт хэрэг үйлдсэн байна.

Парк-Сити хотод гурван долоо хоног үргэлжилсэн шүүх хурлын төгсгөлд тангарагтны шүүх ийнхүү шийдвэрээ гаргасныг The New York Post мэдээллээ. Прокуроруудын зүгээс Ричинсийг амин хувиа хичээсэн, карьерын төлөө юу ч хийхээс буцахгүй нэгэн гэж тодорхойлсон юм. Хэргийг эргэн санахад, 2022 оны 3-р сарын 4-нд тэрээр нөхөр Эрик Ричинсийн коктейльд үхлийн тунтай хор хольж өгчээ. Хамгийн хачирхалтай нь, гурван хүүхдийн ээж болох 35 настай Кури нөхрөө нас барсны дараа хүүхдүүддээ хагацал зовлонг даван туулахад нь туслах зорилготой “Чи надтай хамт байна уу?” (Are You With Me?) хэмээх хүүхдийн ном бичиж, олон нийтийн анхаарлын төвд орж байв.

Түүнийг хүн амины хэрэг, хүндрүүлэх нөхцөлтэйгээр амь насанд халдахыг завдсан, даатгалын залилан болон бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэрэгт буруутгасан байна. Мөн албан ёсны яллах дүгнэлтэд дурдсанаар, тэрээр нөхрөө хөнөөхөөс сарын өмнө мансууруулах бодистой хавчуургатай талх өгч хордуулахыг завдаж байсныг талууд тогтоожээ.

Орон сууц зуучлалын компанитай Ричинс хэрэг үйлдэх үедээ 4.5 сая ам.долларын өртэй байсан бөгөөд баян бизнесмен нөхрийнхөө өв хөрөнгийг авч, Иракийн дайны ахмад дайчин, 43 настай нууц амраг Роберт Гроссмантайгаа зугтахаар төлөвлөсөн байв. Прокурор Брэд Бладвортын хэлснээр, Кури өөрийгөө чинээлэг, амжилттай бизнес эрхлэгч мэтээр харагдуулахын тулд хуурамч дүр төрхийг маш нарийн бүрдүүлсэн байжээ.

“Тэр Эрик Ричинсээс салахыг хүссэн ч мөнгийг нь үлдээхийг хүсээгүй. Тэдний гэрлэлтийн гэрээнд хэрэв Кури нөхрөө орхиж явбал ихэнх мөнгөө алдахаар заасан байсан” гэж прокурор шүүх хурлын үеэр онцолсон байна.

Шүүх хурлын явцад Ричинс гэм буруугаа хүлээх нь байтугай элэг доог хийсэн байдалтай инээмсэглэж, янз бүрийн нүүрний хувирал үзүүлж байсан нь олны дургүйцлийг хүргэжээ. Түүнд 25 хүртэлх жилийн хорих ял оноох магадлалтай бөгөөд эцсийн ялыг 5-р сарын 13-нд уншиж сонсгоно.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй