Монголын нүүдэлчдийн өв соёл, зан заншил, уламжлалыг сурталчлан түгээн дэлгэрүүлэх, цаашлаад Монгол Улсыг нүүдлийн соёл иргэншлийн төв болгон хөгжүүлэх зорилготой “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль энэ жил дөрөв дэх удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.
Арга хэмжээ наймдугаар сарын 22-24-нд Налайх дүүргийн Тайж хайрхан уулын бэлд болж, гурван өдрийн турш нийтдээ 260 мянга гаруй үзэгч хүлээн авсан нь өмнөх оны 169 мянгатай харьцуулахад 53 хувиар өссөн үзүүлэлт юм.
Фестивалийн онцлох тоо баримтууд:
- Монголын 22 аймаг, нийслэлээс ирсэн 1,092 өвлөн уламжлагч язгуур соёлоо дэлхий дахинд танилцуулсан.
- 27 улсын 280 гаруй төлөөлөгч, тамирчин, зочид оролцсон.
- Морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, олон улсын форум, урлагийн тоглолт зэрэг арга хэмжээнүүд болж, соёлын харилцааг бэхжүүлэв.
- “Нүүдэлчин зоог” аялал жуулчлалын хоолны гудамжнаас 1.8 тэрбум төгрөгийн орлого бүртгэгдсэн.
- Албан ёсны цахим сувгуудаар 620 мянга гаруй хэрэглэгч мэдээлэл авч, олон улсын хүрээнд фестивалийн нөлөөг улам тэлсэн.
Энэ бол зөвхөн соёлын баяр төдийгүй Монголын өв уламжлалыг дэлхийтэй холбосон томоохон гүүр болж байна.