“Нүүрсний” хэрэг: 88 этгээдэд ял оноолоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
УЕПГ

Улсын Ерөнхий Прокурорын газраас нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авалттай холбоотой хэрэгт явуулсан мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Прокурорын байгууллага тус чиглэлээр Ажлын хэсэг байгуулж, нийтдээ 124 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсны дүнд 156 хүн, 3 хуулийн этгээдийг яллагдагчаар татжээ. Тэднээс 108 хүн, 3 хуулийн этгээдийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан, хахууль өгсөн, авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхийн шийдвэрээр 88 этгээдийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэв. Тодруулбал,

  • 5 хүнд 2 жилээс 5 жил 9 сарын хугацаагаар хорих ял
  • 80 хүнд 3 саяас 38 сая төгрөгийн торгууль
  • 63 хүнд 2-7 жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах эрхийг хасах ял оноожээ.

Гэмт хэрэг үйлдэх замаар олсон 353 сая төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгө болон 14.9 тэрбум төгрөгийг улсын орлого болгож, хураан авчээ. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, төрд учирсан 194,384 ам.доллар болон 23.8 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн байна.

Шүүхэд шилжүүлсэн хэргээс одоогоор 20 хүнд холбогдох хэрэг хянан хэлэлцэгдээгүй байгаа бол Ажлын хэсэг 40 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй