Сүүлийн үед цахим орчинд иргэдийг залилан мэхлэх гэмт хэрэг огцом нэмэгдэж, Цагдаагийн байгууллагад өдөрт дунджаар 25-30 залилах хэрэг бүртгэгдэж байгаа талаар мэдээллээ. 2025 оны аравдугаар сарын 15-ны өдөр дараах хохирлууд гарсан байна:
- 35 хүртэл насны эмэгтэй “Ж” — “Телеграм” сувгаар “мөнгө өсгөх” нэрийн дор 17 сая төгрөгөө залилуулсан.
- 34 хүртэл насны эрэгтэй “А” — “даалгавар биелүүлэх” аргаар 41 сая төгрөгийг цахим хаяг руу шилжүүлж, залилуулжээ.
- 37 хүртэл насны эмэгтэй “Б” — “TikTok Creative Center”-т оролцох нэрийдлээр 13,631,995 төгрөгийн хохирол амссан.
- 18 хүртэл насны эмэгтэй “Б” — “Та 10 сая төгрөгийн буцалтгүй тусламж авах эрхтэй боллоо” гэсэн хуурамч зурваст итгэж, 4.9 сая төгрөг шилжүүлсэн байна.
Цахим залилангийн эрсдэл өндөр хэвээр
Энэ мэт дуудлага, гомдол өдөр бүр тасралтгүй ирж байгаа бөгөөд цахим залилангийн гол хэрэгслүүд нь Telegram, TikTok, Messenger, SMS болон хуурамч вебсайт болохыг Цагдаагийн байгууллага анхааруулжээ.
Иргэд цахимаар “мөнгө өсгөх”, “буцалтгүй тусламж өгөх”, “даалгавар биелүүлбэл ашиг өгнө” гэх мэт саналд автахгүй байхыг сэрэмжлүүлж байна. Цагдаагийн байгууллагын зүгээс “Хэн нэгэн танд цахимаар ашигтай санал тавьж байвал, түүний цаана гэмт этгээд нуугдаж байх эрсдэлтэй” хэмээн онцлон анхаарууллаа.