Нийгмийн шударга ёсны төлөө 21 хоногийн турш үргэлжилсэн “Огцрох амархан” жагсаал өнөөдөр албан ёсоор өндөрлөж, зохион байгуулагчид зорилгодоо хүрснээ мэдэгдлээ. Энэ удаагийн жагсаал нь зөвхөн улс төрийн шаардлаар зогсохгүй, олон нийтийн ухамсар, иргэний оролцооны чадамжийг сэргээсэн хүчтэй давалгаа болж чадсан нь анхаарал татаж байна.
Жагсаалыг санаачлагчдын нэг, Цогц хөгжлийн үндэсний төвийн захирал М.Энхбадрал “Энэ жагсаал цаашид олон эерэг үр дагавар авчирна. Иргэдээсээ хэт холдож, мэдээллийг хянах замаар удирдах гэсэн улс төрийн хандлагыг нэг алхам ухраалаа гэж үзэж байна” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр цааш нь “PR-н хяналттай засаглалын нөлөө, троллууд, хуурамч контент, нэвтрүүлгийн олон сувагт давхардсан хяналт зэрэгт олон нийт мэдрэмжтэй хандаж эхэлсэн. Энэ бол нийгмийн өөрчлөлтийн эхлэл” гэж онцолжээ.
Жагсаалын үеэр КОВИД-19 цар тахлын үед бий болсон дэглэмийн бүтэц, хүний эрхийг айдас дээр суурилан хязгаарласан хуучин тогтолцоог иргэд хүчтэй эсэргүүцэж, энэхүү системийн үлдэгдлийг нураасан нь хамгийн чухал үр дүн хэмээн зохион байгуулагчид дүгнэж байна. “Цар тахал дууссан ч дэглэм нь үргэлжилж байсан. Үүнийг бид өчигдөр эцэслэж чадлаа” хэмээн М.Энхбадрал илэрхийлжээ.
Иргэдийн жагсаал цуглаанд итгэх итгэл эргэлзээтэй болсон энэ үед, энэхүү жагсаал нь нийгмийн дунд ардчиллын тулгуур зарчим болох олон нийтийн оролцоо, эрх чөлөөгөө хамгаалах үйл явцыг дахин баталж өгсөн. Зохион байгуулагчдын үзэж буйгаар, ирээдүйд улс төрчид илүү хариуцлагатай, ил тод, иргэдээ сонсдог байх шаардлагыг энэхүү үйл явдал үлдээж чадсан юм.