Home Улстөр “Огцрох амархан” жагсаал 8 дахь өдрөө Сүхбаатарын талбайд үргэлжилнэ

“Огцрох амархан” жагсаал 8 дахь өдрөө Сүхбаатарын талбайд үргэлжилнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Л.Оюун-Эрдэнийг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулахыг шаардсан “Огцрох амархан” жагсаал өнөөдөр найм дахь өдрөө үргэлжилж байна. Жагсаал Сүхбаатарын талбайд, Чингис хааны хөшөөний өмнө 16:00–20:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

Жагсаалд оролцогчид татварын ачаалал, эдийн засгийн уналт, засаглалын хариуцлагагүй байдал зэрэг асуудлаар дуу хоолойгоо хүргэж байгаа бөгөөд бизнес эрхлэгчид, оюутнууд, иргэд, УИХ-ын гишүүд ч үзэл бодлоо илэрхийлэн нэгдсээр байна. Өнөөдрийн жагсаалд гэрэл зураг сонирхогч залуусыг уриалан, өөрсдийн өнцгөөс жагсаалын үйл явцыг баримтжуулж, “түүхийг хамт бичилцэх”-ийг уриалжээ.

Жагсаалыг зохион байгуулагчдын мэдээлснээр, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрох хүсэлт гаргахгүй тохиолдолд Үндсэн хуулийн 43.1-д заасан эрхийн хүрээнд УИХ-ын гишүүдэд огцруулах саналын бичиг хүргүүлж эхлээд байна. Тус бичигт өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, С.Цэнгүүн, Ж.Золжаргал, Ч.Лодойсамбуу, Ш.Бямбасүрэн, Д.Ганбат нар гарын үсгээ зураад байгаа аж. Түүнчлэн иргэдийг өөрсдийн тойргийн УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлэх, мессэж илгээх замаар оролцохыг уриалж байна.

Жагсаалд оролцож буй иргэдийн гол шаардлага нь Ерөнхий сайд улс төрийн болон ёс зүйн хариуцлага хүлээж, сайн дураар огцрох явдал юм. Дараагийн шатанд тэд эвслийн Засгийн газар байгуулахыг эсэргүүцэж, албан тушаалтны солилцоогоор бус, тогтолцооны өөрчлөлтийг шаардаж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй байхыг онцолж байна.

Зохион байгуулагчид цахим хуудсаараа дамжуулан:

“Хэцүү, бас тухгүй! Гэлээ гээд тэмцэхгүй байх нь, байгаа нийгмээ өөрчлөхгүй, шударга бустай зэрэгцэн, хүлцэн амьдрах нь энэ бүхнээс илүү тухгүй, огиудас хүргэм гэдгийг мэдэх учраас ОГЦРОХ хүртэл, ёс зүйгүй улс төрч нар тогтмол ОГЦОРДОГ СОЁЛ тогтох хүртэл шаардлагатай өдөр бүр жагсахдаа бэлэн байгаа” хэмээн мэдэгдээд байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.