Table of Contents
Оросын Сангийн яам 2025 оны арванхоёрдугаар сарын 8-нд анх удаа юанийн бонд гаргах гэж буйгаа зарлалаа. Энэ нь Москвагийн түүхэнд өмнө нь хийгдээгүй санхүүгийн алхам юм.
Бонд нь гурваас долоон жилийн хугацаатай, нэг бүр нь 10 мянган юанийн үнэтэй байх бөгөөд зургаан сар тутам хүүгийн төлбөр хийнэ. Хөрөнгө оруулагчид уг үнэт цаасыг юань эсвэл рублиэр худалдан авч, мөн ашгаа аль алинаар нь авах боломжтой. Захиалга арванхоёрдугаар сарын 2-нд нээгдэхээр төлөвлөгдсөн байна.
Юанийн бондын зорилго ба хөрөнгө оруулагчид
Сангийн яам бондын нийт дүнг албан ёсоор зарлаагүй ч “Reuters” агентлагийн мэдээлснээр 400 тэрбум рубль хүртэл хэмжээтэй байж болзошгүй гэж үзэж байна. Хөрөнгө оруулалтын зах зээлийн шинжээч Дмитрий Полевой-гийн хэлснээр анхны ээлжид 2–3 тэрбум ам.доллартай дүйцэх хэмжээний бонд гаргах магадлал өндөр аж.
Тэрбээр “Үндсэн худалдан авагчид нь дотоодын иргэд болон банкнууд байх болно. Юань валютын эрэлт өндөр байгаа бөгөөд Оросын компаниуд их хэмжээний юанийн нөөцтэй. Энэ мөнгийг эргэлтэд оруулах хэрэгцээ үүссэн” хэмээн онцолжээ.
Бондын худалдаа Москвагийн хөрөнгийн бирж (MOEX)-д явагдана. Барууны хориг арга хэмжээний улмаас гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоо хязгаарлагдана, харин Хятадтай худалдаа хийдэг орос компаниуд гол худалдан авагчид байх төлөвтэй байна.
Төсвийн алдагдлыг нөхөх оролдлого
ОХУ-ын батлан хамгаалахын зардал өсөж, нефтийн орлого буурсантай холбоотойгоор улсын төсвийн алдагдал түүхэн дээд түвшинд хүрээд байна. Анхны тооцооллоор 2024 оны төсвийн алдагдал 1.2 их наяд рубль байсан бол одоо 5.7 их наяд рубль, буюу ДНБ-ий 2.6 хувьтай тэнцэхээр өсжээ.
Төсвийн орлогын 25 орчим хувь нь газрын тос, байгалийн хийн экспортоос бүрддэг. Гэвч 2024 оны есдүгээр сарын байдлаар тус хоёр түүхий эдийн экспортын орлого 23 хувиар буурсан байна. Энэ уналт нь Украины дайныг санхүүжүүлж буй Кремлийн орлогын гол эх үүсвэрийг хомсдуулж байгаа юм.
Татвар нэмэгдүүлж, шинэ санхүүгийн эх үүсвэр хайж байна
Төсвийн орлого багассантай холбогдуулан ерөнхийлөгч Владимир Путин татвар нэмэхгүй гэх амлалтаасаа буцаж, хувь хүний болон компанийн орлогын татварыг өсгөсөн. Гэвч энэ нь хангалтгүй байсан тул ирэх жил НӨАТ-ыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Юанийн бонд гаргах шийдвэр нь төсвийн дутагдлыг нөхөх зорилготой хамгийн сүүлийн алхам бөгөөд Оросын засгийн газар барууны санхүүгийн системийг тойрон гарах шинэ гарц хайж буйг харуулж байна.
Москва, Бээжингийн санхүүгийн холбоо гүнзгийрнэ
Украины дайны дараах хориг арга хэмжээний улмаас ОХУ барууны хөрөнгийн зах зээлээс шахагдсан. Тиймээс Москва Бээжингийн санхүүгийн системтэй илүү ойр ажиллахыг зорьж, Хятадтай зах зээлийн гүүр байгуулах хэлэлцээ хийж байгаа ч одоогоор үр дүнд хүрээгүй байна.
Хятад-Оросын худалдаа 2024 онд 245 тэрбум ам.долларт хүрч, дээд амжилт тогтоосон нь хоёр улсын эдийн засгийн уялдааг улам гүнзгий болгож буйг харуулж байна.