Ерөнхий сайд Г.Занданшатар 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэлийг танилцуулах үеэр гэр бүлийг дэмжих бодлогын шинэ саналуудаас дурдлаа. Энэ хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир төрөлт буурах, гэр бүлийн салалт нэмэгдэх шалтгааныг судлахад санхүүгийн хүчин зүйл голлон нөлөөлж байгааг онцолсон юм.
Тэрбээр гэр бүлийг дэмжих зорилгоор боловсруулсан хуулийн төсөлд олон улсын жишигт нийцсэн санхүүгийн дэмжлэгийн механизм тусгасан талаар танилцууллаа. Үүнд татварын хөнгөлөлт, нийгмийн хамгааллын нэмэлт үйлчилгээ, орон сууцны бодлогын дэмжлэг зэрэг багтжээ.
Хуулийн төсөлд тусгасан гол арга хэмжээнүүд:
- Гэр бүлийн гишүүний аль нэгийг ХАОАТ-аас чөлөөлөх
- Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй, ажил эрхэлж буй эцэг, эхийн татварыг чөлөөлөх
- Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийн ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
- Эрүүл мэндийн багц даатгалын дэмжлэг үзүүлэх
Энэхүү хуулийн төслийг Засгийн газар дэмжсэн тохиолдолд Улсын Их Хуралд өргөн барьж, хэлэлцүүлэхээр төлөвлөж байгааг Т.Аубакир мэдэгдлээ.