БНСУ-ын улс төрийн түүхэнд урьд өмнө бүртгэгдэж байгаагүй дуулиант үйл явдал өнөөдөр тохиолоо. Сөүл хотын Төв дүүргийн шүүхээс тус улсын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлийн гэргий Ким Гён Хид 1.8 жил буюу 20 сарын хорих ял оноосон байна. Энэхүү шийдвэр гарснаар Өмнөд Солонгосын түүхэнд анх удаа төрийн тэргүүн болон түүний гэргий хоёулаа нэгэн зэрэг шүүхээс ял авч, торны цаана суухаар болж байгаа нь энэ юм.
Өнөөдөр буюу 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр болсон шүүх хурлаар Ким Гён Хиг эрх мэдлээ урвуулан ашигласан гэм буруутайд тооцжээ. Хэргийг эргэн сануулбал, тэрбээр 2022 оны дунд үед бөө Жон Сон Бэ-тэй үгсэн тохиролцож, үнэтэй брэнд болон тансаг зэрэглэлийн эд зүйлсийг авлигад авсан нь тогтоогдсон байна. Үүний хариуд тэрбээр өөрийн нөлөө болон эрх мэдлийг ашиглан тодорхой асуудлуудыг шийдвэрлэх амлалт өгч байсан нь шүүхийн шийдвэрийн гол үндэслэл болжээ.
Хэдийгээр авлигын хэрэгт ял сонссон ч Ким Гён Хид холбогдох бусад зарим дуулиант хэргүүд болох “Deutsch Motors” компанийн хувьцааны үнийг зохиомлоор өсгөсөн, мөн сонгуулийн үеэр санал асуулгын үйлчилгээг хууль бусаар авсан гэх гомдлуудыг шүүх хэрэгсэхгүй болгосон байна. Шүүх бүрэлдэхүүн эдгээр асуудлууд дээр хангалттай нотлох баримт байхгүй гэж үзэн түүнийг цагаатгажээ.
Тэргүүн хатагтай ийнхүү ял авахаас ердөө арав гаруй хоногийн өмнө буюу нэгдүгээр сарын 16-нд түүний нөхөр Юн Сог Ёль шүүхээс таван жилийн хорих ял сонсоод байсан юм. Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлийн хувьд энэ нь зөвхөн эхний шатны шийдвэр бөгөөд түүнд холбогдох бусад хэргүүдийн шүүх ажиллагаа 2026 оны турш үргэлжлэх төлөвтэй байна. Иймээс цаашид түүний ялын хэмжээ нэмэгдэх магадлал өндөр байгааг ажиглагчид онцолж байна.