Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойн даншигт улсын арслан Э.Батмагнай түрүүллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойн даншигт улсын арслан Э.Батмагнай түрүүллээ

Анхдугаар богд Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан Өндөр гэгээний түүхэн даншиг наадам энэ сарын 27-28-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Даншиг наадмын үндэсний бөхийн барилдаанд нийт 512 бөх зодоглосон бөгөөд тэдний дунд нэг улсын аварга, зургаан арслан, 11 заан, 14 харцага, 30 начин зэрэг 62 улсын цолт бөх багтсан байв.

Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, улсын арслан Энхтүвшиний Батмагнай ес даван түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, улсын арслан Баярсайханы Орхонбаяр найм даван үзүүрлэв. Их шөвгийн дөрөвт Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын аварга О.Хангай, мөн Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Б.Бат-Өлзий нар шалгарсан бол наймд улсын арслан Ц.Содномдорж, улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын заан М.Лхагвагэрэл, улсын шинэ харцага О.Наранбаатар нар үлдсэн байна.

Энэ удаагийн наадмын түрүү бөх Э.Батмагнайд Ланд Круйзер 300 автомашин гардуулсан бол үзүүрлэсэн бөх 70 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртжээ. Шөвгийн дөрөвт үлдсэн хоёр бөх тус бүр 35 сая төгрөг авсан бөгөөд эдгээр шагналыг Монгол Улсын аварга Д.Сумъяабазар ивээн тэтгэсэн байна.

Мөн өсвөр үеийн 64 бөхийн барилдаан зохион байгуулагдсан бөгөөд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, “Алдар” спорт хороо болон “Чойрын богд” дэвжээний бөх, сумын заан Б.Батбилгүүн түрүүлж, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Авзагын хүчтэн” дэвжээний бөх н.Даваабаатар үзүүрлэлээ. Харин Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат, “Хангайн хүчтэн” дэвжээний бөх Б.Балжинням, Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат, “Говийн хүчтэн” дэвжээний бөх Е.Нарантулга нар их шөвөгт шалгарчээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment