Өнөөдөр Украины ерөнхийлөгч Володимир Зеленский Вашингтонд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар очих гэж байна.
Өнгөрсөн баасан гарагт АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд Аляскад уулзаж, Украины дайнтай холбоотой асуудлыг хэлэлцсэн ч уг уулзалтад Зеленский болон Европын удирдагчид оролцоогүй юм.
Гэсэн хэдий ч Брюссельд болсон уулзалтын үеэр Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен Зеленскийг АНУ-д айлчлахад Европын зарим удирдагчид дагалдан оролцох болсныг мэдэгдэв.
Европын орнуудын удирдагчид дагалдахаар боллоо
- Германы канцлер Фридрих Мерц
- Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон
- Их Британийн ерөнхий сайд Кэйр Стармер
- Финландын ерөнхийлөгч Александер Стубб
Ийнхүү Зеленскийг Вашингтонд дагалдан очсоноор Европын удирдагчид ч Трамптай шууд уулзах боломж бүрдэх юм.
Баасан гарагийн уулзалтын үеэр Трамп, Путин нар ямар тохиролцоонд хүрсэн талаар тодорхой мэдээлэл цөөн байгаа ч өнөөдрийн уулзалтаар АНУ-ын ерөнхийлөгч энэ тухай дэлгэрэнгүй тайлбар хийх хүлээлттэй байна.
Нөгөө талд Орос, Украины мөргөлдөөн амралтын өдрүүдэд ч үргэлжилжээ. Оросын арми нийт 60 нисгэгчгүй онгоц болон нэг “Искандер” пуужин ашиглан довтолсныг Украины агаарын зэвсэгт хүчин мэдээлсэн байна. Донецкийн Украины хяналттай бүсэд таван хүн амиа алдсан гэж орон нутгийн захиргаа мэдээлэв.
ОХУ-ын батлан хамгаалах яамны мэдэгдлээр Украины тал 46 дроноор довтолсон бөгөөд голдуу хил орчмын бүс нутгийг онилсон аж. Мөн Москвагаас зүүн тийш, Нижний Новгород мужид халдлага болжээ.
Курск мужийн захирагч Александр Хинштейн халдлагын улмаас нэг эрэгтэй амь насаа алдсаныг мэдэгдсэн бол Воронеж мужийн захирагч Александр Гусев төмөр замын ажилчин шархадсан талаар мэдээлэв.