Мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын башё өндөрлөх мөч ойртож байна. Тэмцээний 13 дахь өдөр озеки цолтой Оносато ижил зиндааны Котозакүраг давснаар ялагдалгүйгээр 13 дахь даваагаа авч, Эзэн хааны цомыг дөрөв дэх удаагаа хүртлээ. Ийнхүү тэрбээр дараалан хоёр башёд түрүүлж, Японы сүмогийн 75 дахь ёкозүна цолны эзэн болох нь тодорхой болжээ.
Сүүлийн 25 жилийн хугацаанд Япон улсаас зөвхөн хоёрхон бөх их аваргын цол хүртсэн. 1998 онд Ваканохана, 2017 онд Кисеносато нар ёкозүна болсон бол энэ хугацаанд Монгол Улсаас зургаа, АНУ-аас нэг бөх дээд цол хүртсэн байдаг.
Монгол бөхчүүдийн амжилт (13 дахь өдрийн байдлаар):
- Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн — 10 даваа, 3 унаа
- Секивакэ Киришима Б.Лхагвасүрэн — 10 даваа, 3 унаа
- Маэгашира 3 Тамаваши Б.Мөнх-Оргил — 5 даваа, 8 унаа
- Маэгашира 5 Чиёшоома Г.Мөнхсайхан — 4 даваа, 9 унаа
- Маэгашира 6 Ошома П.Дэлгэрбаяр — 8 даваа, 5 унаа
- Маэгашира 8 Онокацү Б.Чойжилсүрэн — 9 даваа, 4 унаа
- Маэгашира 17 Тамашохо Э.Энхманлай — 4 даваа, 9 унаа
Энэ сарын башёг Японы залуу од Оносато тэргүүлж, эх орондоо их аваргын хүндтэй цолыг дахин авчирсан нь сүмогийн түүхэнд шинэ хуудсыг нээж байна.