OpenAI хэрэглэгчдийн эсэргүүцлийн дараа GPT-4o загварыг ChatGPT-д буцаан орууллаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
OpenAI хэрэглэгчдийн эсэргүүцлийн дараа GPT-4o загварыг ChatGPT-д буцаан орууллаа

OpenAI-ийн Гүйцэтгэх захирал Сэм Альтман энэ мягмар гарагт GPT-4o загвар ChatGPT-д дахин орсон талаар мэдэгдэв. Өнгөрсөн долоо хоногт GPT-5-ийг нэвтрүүлэх үед өмнөх бүх загваруудыг сонголтоос хассан нь хэрэглэгчдийн хүчтэй эсэргүүцэл дагуулсан юм. GPT-4o одоо ChatGPT Plus зэрэг төлбөртэй бүх хэрэглэгчдэд загвар сонгох цэсэнд анхдагчаар харагдах болжээ.

Альтман “Бид GPT-4o-ийн зарим онцлогийг хэрэглэгчид хэр их үнэлдэгийг дутуу тооцсон байна” гэж хүлээн зөвшөөрөв. OpenAI анх үйлчилгээгээ хялбарчлах зорилгоор 8-р сарын 7-нд GPT-5-ийг нэвтрүүлэхдээ хуучин загваруудыг бүрэн устгасан нь хэрэглэгчдийг ямар ч сонголтгүй болгосон. Ингэснээр Reddit дээр “GPT-5 бол аймшигтай” гэх нэртэй сэдэв хэдхэн хоногийн дотор 2000 гаруй сэтгэгдэл цуглуулсан байна.

GPT-4o-г буцаахаас гадна OpenAI хэрэглэгчдийн гомдлыг шийдвэрлэх хэд хэдэн өөрчлөлт оруулжээ. GPT-5-ийн “Thinking” горимын долоо хоногийн хязгаарыг 200 мессежээс 3000 болгон нэмэгдүүлж, лимит хүрсэн тохиолдолд “GPT-5 Thinking mini” хувилбарыг ашиглах боломжтой болгосон. Мөн хэрэглэгчид асуултаа аль хувилбарт илгээхээ сонгох шинэ горим (Auto, Fast, Thinking) нэмэгдсэн байна.

Pro хэрэглэгчид (сард $200 төлдөг) удахгүй “Show additional models” тохиргоогоор дамжуулан o3, 4.1, GPT-5 Thinking mini зэрэг нэмэлт загваруудад хандах боломжтой болно. Харин өндөр GPU зардлын улмаас GPT-4.5 нь Pro хэрэглэгчдэд л онцгой үлдэх аж.

Мөн OpenAI GPT-5-ийн “хувийн шинж чанар” буюу хариу бичих хэв маягийн талаарх шүүмжлэлүүдийг хүлээн зөвшөөрсөн. Хэрэглэгчид GPT-4o-ийн уян зөөлөн, ярианы хэв маягийг илүүд үзэж, GPT-5-ийг “огцом, ширүүн” гэж тодорхойлсон байна. Зарим нь бүр хуучин загвараа “ганц найз” гэж нэрлэж байжээ. Альтман “GPT-5-ийг илүү дулаан, гэхдээ хэт сэтгэл татам биш болгох шинэчлэл дээр ажиллаж байна” гэж хэлсэн байна.

GPT-5 нэвтрүүлэх эхний өдрүүдэд загварын сонголтыг автоматаар хийх систем алдаа гаргаж, хэрэглэгчдийг бага чадалтай хувилбар руу байнга чиглүүлсэн. Мөн танилцуулга үеэр үзүүлсэн гүйцэтгэлийн графикийг буруу байсан гэж Альтман өөрөө “том графикийн алдаа” хэмээн хүлээн зөвшөөрчээ.

Одоогоор GPT-4o дахин ашиглах боломжтой болсон ч OpenAI GPT-5-ийг сайжруулсаар байх бөгөөд хэрэглээний ачааллаас шалтгаалан лимитийг дахин өөрчлөх магадлалтай байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй