OpenAI компанийн дата төвүүд Монголын эрчим хүчний хүчин чадлыг гурван дахин давна

by Уянга Эрдэнэбилэг
2 комментария
OpenAI компанийн дата төвүүд Монголын эрчим хүчний хүчин чадлыг гурван дахин давна

OpenAI компани хиймэл оюуны Stargate төсөлдөө зориулан Oracle компанитай хамтран 4.5 гигаваттын хүчин чадалтай дата төвүүдийг АНУ-д байгуулж, түрээслэхээр болсон талаар эх сурвалжууд мэдээллээ. Энэ нь Монгол Улсын нийт суурилагдсан эрчим хүчний хүчин чадлаас гурав дахин их хэмжээ юм.

Эрдэмтдийн тайлбарласнаар нэг гигаватт эрчим хүч нь цөмийн реакторын түвшний хүчин чадал бөгөөд 750,000 айл өрхийн хэрэглээг хангаж чадна. Өөрөөр хэлбэл, OpenAI-ийн ашиглах нийт дата төвүүд 3 сая шахам айлыг цахилгаанаар хангах боломжтой хүчин чадалтай байх нь.

$30 тэрбумын гэрээ ба Stargate төсөл

Энэ долоо хоногийн эхээр Oracle компани жилд $30 тэрбумын дата төвийн үйлчилгээний гэрээг нэрийг нь дурдаагүй харилцагчтай байгуулсан гэж зарласан. Гэхдээ энэ асар өндөр өртөгтэй гэрээний гол захиалагч нь OpenAI болох нь ил болсон байна.

Энэхүү гэрээний орлого нь 2028 оны санхүүгийн жилээс эхлэн Oracle-ийн тайланд тусгагдах бөгөөд компанийн үүлэн технологийн дэд бүтцийн салбарын одоогийн орлогоос ч давсан тоо юм.

Stargate төсөл: АНУ-ын дэмжлэгтэй дэд бүтцийн аварга төсөл

2025 оны нэгдүгээр сард Ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөсний дараа OpenAI, Oracle, SoftBank компанийн төлөөлөл Цагаан ордонд хиймэл оюуны дэд бүтцийн $500 тэрбумын Stargate төслийг эхлүүлж буйгаа зарласан билээ.

Тус төслийн хүрээнд Техас мужийн Абилин хотод OpenAI-ийн хамгийн анхны том дата төвийг Oracle байгуулж эхэлсэн. Энэхүү төвийн хүчин чадал одоогоор 1.2 гигаватт байгаа бол тун удахгүй 2 гигаваттад хүргэхээр өргөжүүлэх ажил хийгдэж байна.

Ирэх жилүүдэд АНУ-ын өөр хэд хэдэн мужид ижил төрлийн дата төвүүдийг байгуулж, Stargate төслийг өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм.

Хөрөнгийн зах зээл дээрх нөлөө

Энэ мэдээ олон нийтэд цацагдсаны дараа Oracle компанийн хувьцааны ханш огцом өсөж, 5 хувиар нэмэгдэн $229.98 хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болсон. Энэ оны эхнээс тус компанийн үнэлгээ 38 хувиар өссөн бөгөөд энэ нь чухамхүү Stargate төслийн хүрээнд дата төвүүдийг хангах хүлээлттэй шууд холбоотой байна.

Oracle анх өгөгдлийн сангийн программ хангамжаараа танигдсан ч одоо үлэмж дата төвүүдийг байгуулах үүлэн технологийн үйлчилгээний гол тоглогч болоод буй.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 комментария

Бичикэ 4 июля, 2025 - 17:07

Энэ бол технологийн салбарт оруулж буй томоохон хөрөнгө оруулалт гэдгийг би ойлгож байгаа ч эхлээд хүн бүрийн тогтвортой цахилгааныг анхаарах хэрэгтэй

Reply
Саркаду 4 июля, 2025 - 17:19

Сүлжээг хэт ачаалахгүйн тулд ийм дата төвүүдийг цөмийн болон усан цахилгаан станцуудын ойролцоо байрлуулах нь зүйтэй болов уу?

Reply

Leave a Comment