Өргөдлийн байнгын хороо 2026 оны төсвийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
ӨБХ

Өнөөдөр (2025.10.23) Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын 2026 оны улсын төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.

2026 оны төсвийн гол үзүүлэлтүүд

Хуулийн төслүүдийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт танилцуулга хийв. Тэрбээр 2026 оны төсвийн төслүүдийг “Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр” болон “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө”-тэй уялдуулан боловсруулсан гэдгийг онцоллоо.

Төсвийн үзүүлэлтүүд дараах байдлаар төлөвлөгдсөн байна:

  • Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого – 31.6 их наяд төгрөг
  • Нэгдсэн төсвийн суурь зарлага – 29.6 их наяд төгрөг
  • Нэгдсэн төсвийн тэнцэл – 2.0 их наяд төгрөгийн ашигтай

Мөн нийт хөрөнгө оруулалтын 67 хувь буюу 2.18 их наяд төгрөгийг үргэлжилж буй төсөл, арга хэмжээнд, 33 хувь буюу 1.08 их наяд төгрөгийг шинээр хэрэгжих төслүүдэд зарцуулахаар тусгасан байна.

Төсвийн хүрээнд тавигдсан асуултууд

Хуралдааны үеэр гишүүд төсвийн хүрээнд үүссэн 830 тэрбум төгрөгийн нэмэлт эх үүсвэрийн дутагдал хэрхэн шийдэгдэх талаар асуусан. УИХ-ын гишүүн Д.Рэгдэл энэ талаар тодруулж, урсгал зардлыг бууруулах уу эсвэл хөрөнгө оруулалтыг хасах уу гэсэн асуулт тавьжээ.

Үүнд С.Бямбацогт “Засгийн газрын гишүүд эмч, багш нар, ахмадын төлөөлөлтэй уулзаж тохиролцоонд хүрч байна. Урсгал зардал болон хөрөнгө оруулалтын аль алинаас хэмнэлт гаргах, мөн Тавантолгойн бүлэг ордын ашиглалтыг нэмэгдүүлж төсвийн орлогыг өсгөх хувилбаруудыг ярилцаж байна” хэмээн хариулсан байна.

Цалин, тэтгэвэр, инфляцийн түвшин

Мөн Боловсролын сайд П.Наранбаяр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар гишүүдийн асуултад дараах байдлаар хариулжээ.

  • Багш нарын цалин 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 20 хувь, долдугаар сарын 1-нээс 10 хувь нэмэгдэнэ.
  • Инфляцийн түвшинг ирэх онд 8 хувь байхаар тооцсон байна.

Санал хураалтын дүн

Эцэст нь УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, Д.Ганмаа, Г.Лувсанжамц нарын 15 гишүүний гаргасан 53 зарчмын зөрүүтэй саналыг тус бүрээр санал хураан шийдвэрлэж, дүнг нэгтгэн Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй